Казахстанд Монгол Улсын таван иргэн хүнд гэмт хэргээр ял шийтгүүлжээ

Монгол Улстай ялтан шилжүүлэх тухай гэрээг Казахстаны Парламентын доод танхим соёрхон баталсан талаар “Хабар 24” мэдээллээ. Эх сурвалжийн мэдээлснээр, Монгол Улсад ял эдэлж байгаа Казахстаны иргэд байхгүй. Харин Монголын таван иргэн Казахстанд хүнд гэмт хэрэг үйлдэснийхээ төлөө ял шийтгүүлсэн бөгөөд эх орон руу нь шилжүүлэхийг хүлээж байгаа гэнэ.

Баримт бичгийг баталснаар хоригдол солилцох боломжтой бөгөөд энэ төрлийн гэрээг Казахстан улс өмнө нь Узбекистан, Вьетнам, Кипр болон бусад орнуудтай байгуулжээ.

“Эх орондоо ял эдлэх болвол гэр бүлийнхэн нь уулзах зэргээр олон боломж гарч ирнэ. Мөн суллагдсаныхаа дараа өөр оронд байснаас эх орондоо байвал нөхцөл байдалд амархан дасан зохицоно. Өнөөдрийн байдлаар зөвхөн Монгол улсын иргэд манай улсад хоригдож байна. Тэд хүнд гэмт хэрэг үйлдсэн. Хүний амь хөнөөсөн, хүчингийн хэрэг үйлдснийхээ төлөө 10-15 жилийн ял шийтгүүлсэн хүмүүс байгаа” хэмээн Казахстаны парламентын доод танхимын гишүүн Евгений Козлов өгүүлжээ.

+ There are no comments

Add yours