Б.Баатархүү: Сэтгүүлчдийг тагнасан зүйл байхгүй

Сэтгүүлчийн мэргэжлийн үйл ажиллагаатай холбогдуулан төрийн байгууллагаас тагнаж, чагнасан гэх асуудалд тайлбар шаардан МСНЭ-ээс өнөөдөр мэдээлэл хийсэн. Дээрх асуудалтай холбогдуулан ЦЕГ-аас Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү тайлбар хийлээ.

Тэрээр “Сэтгүүлчийг тагнаж чагнасан гэдэг бол өнөөдөр яригдаж байгаа асуудал биш. 2018 онд энэ асуудал хэвлэл мэдээллээр гарсны дараа цагдаагийн байгууллагаас албан ёсны тайлбар өгч байсан.Тухайн үед Эрүүгийн цагдаагийн албаны нэр бүхий хоёр албан хаагчийг Тагнуулын Ерөнхий газраас шалгаад гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй байна гэж үзэн Нийслэлийн прокуророос хэргийг хэрэгсэхгүй болгосон. Өнөөдрийн байдлаар сэтгүүлчийг мэргэжлийн үйл ажиллагаатай нь холбон эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа асуудал цагдаагийн байгууллагад байхгүй .Харин зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаан дээр сэтгүүлчтэй холбоотой гомдол санал байгаа.Түүнээс мэргэжлийн үйл ажиллагаатай холбоотойгоор эрүүгийн хэрэг үүсгэж шалгасан зүйлгүй. Үнэхээр тагнуулж чагнуулсан хүн байвал гомдлоо гаргах эрх нээлттэй” гэлээ.

Аравдугаар сарын 30-нд болсон Хэвлэл мэдээллийн ёс зүйн форумын үеэр УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Х.Нямбаатар гишүүн сэтгүүлчдийг хууль бусаар тагнаж, чагнасан гэх хэрэгт хуулийн байгууллагын ажилтнуудыг шалгаж байгаа талаар мэдээлэл өгсөн юм.

+ There are no comments

Add yours