Улсын хэмжээнд 270 гаруй мянган өрх цахилгааны хөнгөлөлт эдэлнэ

Хот суурин газрын агаарын бохирдлыг бууруулах зорилгоор жил бүрийн арваннэгдүгээр сарын 1-ээс дөрөвдүгээр сарын 1 хүртэл гэр хорооллын өрхүүдийн цахилгааны шөнийн тарифыг хөнгөлдөг. Энэ жил нийслэлийн 116 мянган өрх, хөдөө орон нутгийн 160 мянган өрхөд 20 гаруй тэрбум төгрөгийн цахилгааны хөнгөлөлт үзүүлэх аж.

Тодруулбал, оройн 21 цагаас өглөөний 6 цагийн хооронд буюу 9 цагийн хугацаанд гэр хорооллын айл өрхийн цахилгааны төлбөрийг 100 хувь хөнгөлнө. Харин аймгийн төв болон 10 мянгаас дээш хүн амтай сум суурин газрын айл өрхийн шөнийн цахилгааны төлбөрийг 50 хувь хөнгөлөх аж.

Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейхан: “Улаанбаатар хотын гэр хорооллын 220В хүчдэл хэрэглэдэг айл өрх сардаа 700 кВт, 380В хүчдэл хэрэглэж байгаа айл өрх 1500 кВт хөнгөлөлт эдэлж байгаа юм. Үүнээс илүү гарсан хэрэглээг мөн 50 хувиар хөнгөлнө. Эрчим хүчний үнэ 16 хувиар өссөн ч тарифийг хөнгөлсөөр байна. Эрчим хүчний зохицуулах хорооноос хоёр төрлийн хөнгөлөлт үзүүлдэг. Нэгдүгээрт, шөнийн тарифын хөнгөлөлт, хоёрдугаарт орон сууцны өрхүүд ч хөнгөлөлт эдэлж байна. Монголын нэг өрх сардаа 220 кВт цахилгаан хэрэглэдэг бөгөөд жилдээ 111 мянган төгрөгийн хөнгөлөлт эдэлдэг” гэв.

Улсын хэмжээнд цахилгааны хэрэглээ жилдээ 60-80 МВт-аар нэмэгдэж байна. Өнөөдрийн байдлаар манай улсын цахилгааны нийт хэрэглээ 1044 МВт болж өмнөх жилийнхээс 80 МВт-аар нэмэгджээ. Улсын төсвөөс цахилгааны хөнгөлөлтөд 2017 онд 6 тэрбум төгрөг, 2018 онд 9 тэрбум төгрөг, 2019 онд 20 тэрбум төгрөг төсөвлөсөн бол 2020 онд 28 тэрбум төгрөг төсөвлөжээ.

+ There are no comments

Add yours