2000 гаруй вэб сайт, телевиз кибер халдлагад өртжээ

Өчигдөр Гүрж улсын мянга мянган вэб сайт, үндэсний хэмжээний телевизийн сувгууд томоохон кибер халдлагад өртжээ.

Үүнд хувь хүмүүсийн бүртгэлийн мэдээлэл хадгалагддаг сервер, гэмт хэргийн материалууд бүхий шүүхийн вэбсайт өртсөн байна.

Ихэнх тохиолдолд вэбсайтуудын нүүр хуудас тус улсын ерөнхийлөгч асан Михайл Саакашвилигийн зураг, “Би буцаж ирнэ” гэсэн үг бүхий хуудсаар солигдсон байжээ.

Халдлага хаанаас гаралтайг одоогоор тогтоож чадаагүй байна.

Нийтдээ 2,000 гаруй вэбсайт халдлагад өртсөний дотор зөвхөн засгийн газрын сайтууд бус, төрийн бус байгууллагууд, хувийн компаниудын вэбсайтууд багтжээ.

Imedi, Maestro гэсэн хоёр ч телевизийн суваг халдлагад өртөж, нэвтрүүлгээ цацаж чадахгүй болсон байна.

“Ийм өргөн хэмжээний халдлагыг бид өмнө нь харж байгаагүй. Тиймээс аль нэг улсын захиалгаар хийгдсэн байх өндөр магадлалтай” гэж Британийн Суррей их сургуулийн кибер аюулгүй байдлын мэргэжилтэн Алан Вүүдвард ярьжээ.

Гүржийн сошиал сүлжээнд халдлагыг Оросын талаас үйлдсэн байх гэсэн таамаглал ид яригдаж байна.

Кибер халдлагад нэр, зураг нь ашиглагдсан Михайл Саакашвили 2004-өөс 2013 оны хооронд хоёр удаа Гүржийн ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж байв.

Тэр 2015 онд Гүржийн иргэний харьяаллаасаа татгалзаж, Украины Одесса мужийн захирагч болсон юм. Киевийн эрх баригчидтай дайсан болсон Саакашвилийг 2018 онд Украинаас албадан гаргасан бөгөөд 2019 оны тавдугаар сард шинэ ерөнхийлөгч иргэний харьяаллыг нь буцааж сэргээсэн байна.

Тэрээр одоог хүртэл Гүржид эрэн сурвалжлагдаж байгаа боловч өөрийгөө гэмт хэрэг үйлдээгүй, улс төрийн явууллагын золиос болсон гэж үздэг юм.

Эх сурвалж: BBC

+ There are no comments

Add yours