ОУ-ын Биатлоны холбооны ээлжит бус чуулган боллоо

Мөрч

ХБНГУ-ын Мюнхен хотноо 10-р сарын 18-20-нд Олон улсын Биатлоны холбооны ээлжит бус чуулган боллоо. Тус чуулганд Монголын Биатлоны холбооны Ерөнхийлөгч Энэбишийн Мөнх-Очир, Ерөнхий нарийн бичгийн дарга Батмөнхийн Наран-Идэр нар оролцлоо. Ингээд МБХ-ны Ерөнхийлөгч Э.Мөнх-Очиртой хийсэн ярилцлагыг толилуулж байна.
-Ээлжит бус чуулганы зорилго юу байсан бол? Чуулганаар хэлэлцсэн асуудлын талаар дэлгэрүүлж өгнө үү.
– Олон улсын Биатлоны холбоо нь 2018 оны 9-р сард Хорват улсад ээлжит чуулганаа зохион байгуулж, шинэ бүрэлдэхүүнийг сонгон баталснаас хойш зарим дүрмийн өөрчлөлт, стратеги хөтөлбөрийн шинэ зорилго, төлөвлөгөө, төсвийг батлах гээд нэлээн чухал ажлуудыг хийх шаардлагатай байсан тул Гүйцэтгэх зөвлөлийн 2019 оны 3-р сард гарсан шийдвэрийн дагуу Мюнхенд болсон ээлжит бус чуулганыг зарлан хуралдууллаа. Өмнө нь баталсан ёс зүйн дүрмийг улам боловсронгуй болгох, сайн засаглалын зарчимд нийцүүлэх, биатлоны спортод ямар нэгэн хууль бүс үйл ажиллагааг гаргахгуй байхад энэхүү дүрмийн зорилго багтаж байгаа юм. Мөн үндсэн дүрмийн өөрчлөлт, тэмцээний шинэчилсэн журмыг хүрэлцэн ирсэн төлөөлөгчид-гишүүд холбоод баталж чадлаа. Олон улсын Биатлоны холбооны хараат бус ёс зүйн зөвлөл байгуулах, түүний ажиллах журмыг бас баталлаа. Ингэснээр аливаа маргаантай асуудлыг шийдэх эрх бүхий, бие даасан байгууллага бий боллоо гэсэн үг. Дээр нь спортын хуулиар мэргэшсэн чадварлаг бүрэлдэхүүнийг сонгон, баталлаа. Мөн өсвөрийн тамирчдаа хэрхэн бэлтгэж, тэдэнд чиглэгдсэн тэмцээн, сургалтуудыг бий болгохоор шийдвэрлэлээ л дээ. Бээжин-2022 наадмыг зохион байгуулах хорооноос төлөөлөгчид хүрэлцэн ирж, наадмын бэлтгэл ажил явцын талаар танилцуулсан. Мөн санхүүгийн тайлан зэрэг байгууллагын удаа дараагийн уулзалт, хөндлөнгийн зөвлөх компанийн дүгнэлт болон олон улсын туршлагыг судалсны үндсэн дээр маш их цаг хугацаа зарцуулан хийсэн ажлыг бид өнөөдөр баталлаа гэсэн үг. Энэ спорт маань бидний хувьд харьцангуй шинээр хөгжиж буй мэт боловч өртөг өндөртэй, тэсвэр хатуужил шаардсан хэрнээ спорт сонирхогчдын таашаалыг асар их татаж чаддагаараа онцлог. Өвлийн спортын дундаас телевизээр хамгийн олон хүн үздэг спортоор 1-р байрт шалгарсан байдаг. Өндөр хөгжих тусмаа шийдвэрлэх зүйл олон, гарц нь бэлэн байх ёстой бөгөөд нөгөө талаар эрсдлийг нарийн тооцсон байх хэрэгтэй болоод байна.
-Удирдлагын шинэ багаас хийх ажил, гарах үр дүнг танай холбоо хэрхэн хүлээж байгаа вэ?
– Шинээр баталсан хэтийн төлөвлөгөөнд тусгасан төслүүд нь бүгд биелэхэд боломжтой, бодит ажлууд гэж харсан. Гол нь цаг хугацааны асуудал. Ялангуяа дасгалжуулагчдад чиглэгдсэн олон улсын Биатлоны холбооны академи байна. Мэдээж тамирчидгүйгээр бид хэн ч биш, дээр нь тамирчдыг бэлтгэн гаргах шинэ түвшний дасгалжуулагчдыг хөгжүүлэх нь зайлшгүй. Аль ч салбарт залгамж халаагаа бэлтгэх нь хамгийн чухал асуудлын нэг. Бид энэ тал дээр IBU-тай хамтран ажиллана. Нийтдээ 1 сая ам.долларыг төслөөр дамжуулан үндэсний холбоодоо дэмжинэ гэдгээ илэрхийлсэн. Баталсан хөтөлбөрүүдийн мөн чанар нь тамирчид, спортын хөгжилд зориулагдсан, үүнийгээ дагаад үндэсний холбоод дагаад хөгжинө. Гол нь үндэсний холбоод өөрсдөө идэвхтэй байвал бүх боломж бололцоог олон улсын холбоо маань гаргаад өглөө гэсэн үг.
– Та допингийн зөрчлийн асуудлаар манай хөрш орны байдал хүнд байгааг дурьдаж байлаа. Энэ талаар тодруулаач?
– Спортын шударга өрсөлдөөний зарчим алдагдсаар байгаад тун харамсалтай. Допингийн зөрчлийн асуудлууд, тохиолдлууд багагүй гарсаар байна. Энэ асуудалтай холбоотойгоор сүүлийн 2 удаагийн олимпийн наадмын үеэр гарсан зөрчлийг үндэслэн ОХУ-ын үндэсний холбоог түр гишүүн болгосон. Олон улсын Биатлоны холбооноос тусгай зөвлөмж гарган ажлыг сайжруулсан, шаардлагыг биелүүлсэн нөхцөлд гишүүний эрхийг сэргээх бололцоотой гэдгийг ээлжит бус чуулганы үеэр тайлагнасан.
-Монголын Биатлоны холбооны үйл ажиллагаа шинээр идэвхижсэн гэдэг нь ямар учиртай вэ?
-Өвлийн спортын хөтөлбөрт багтдаг нь үндсэн 15, хөгжүүлж буй орнууд, үндэсний холбоод, өвлийн олимпод орсон байдлаар нь үзэх юм бол 80 орчим л байна. Цаснаас авахуулаад нөхцөл, материаллаг бааз нэлээн шаардагдана, тэр ч утгаараа зуны ДАШТ-ийг зохион байгуулаад багагүй хугацаа өнгөрчээ. Монголын хувьд өмнө нь хөгжиж байгаад тодорхой шалтгааны улмаас зогссон байсныг манай залуус дахин сэргээж, үйл ажиллагаагаа идэвхжүүлэхээр зорьж явна. Үндсэндээ бүх зүйлийг шинээр эхлүүлээд байна.
-Монголын баг тамирчид Италид бэлтгэл хийж байгаа талаар дэлгэрүүлнэ үү?
-Монголын биатлоны холбооны баг тамирчид Итали улсын Mixam компанитай 2022 оны Бээжингийн өвлийн олимп дуустал хамтран ажиллах гэрээ байгуулж ажиллахаар болсон. Уг гэрээний дагуу өнгөрсөн 6/20-11/20 хүртэл дэлхийн шилдэг тамирчдын бэлтгэл сургуулилтыг хангадаг Livigno-д (36000€) еврогийн санхүүжилтээр төсөв гаргаж, зуны бэлтгэл сургуулилтаа манай улсын 4 тамирчин өдөр бүр хийж байна. Биатлоны спортын хамгийн чухал тэмцээнүүд өвлийн улиралд болдог юм. Манай улсын багийг удирдаж байгаа ерөнхий менежер Пиерро Маганза гэж хүн бий.. Бид сая Мюнхений хурлын үеэр Итали менежертэйгээ уулзаж, нэлээн ярилцлаа. Мөн ЕНБД Б.Наран-Идэр хурлын дараа Итали руу тамирчдын бэлтгэлтэй танилцаад ирсэн. Манай багийн үндсэн тэмцээнүүдийн зардал нийт € 80500 байхаар төсөвтэй. Үүнээс €15000-г тус компани нь ивээн тэтгэж байгаа. Үлдэгдэл € 60500 үлдэж байгаагаас ОУБХ (IBU)-оос 10000€-ийн дэмжлэг үзүүлнэ. Монгол биатлоны холбооноос 50000€ 2019-2020 оны өвлийн улиралын зардалд зарцуулна гэсэн тооцоо гарч байна. Манай тамирчдыг Италийн үндэсний шигшээ багийн эмч мэргэжилтнүүдийн зөвлөмжөөр бол: зүрхний үйл ажиллагаа, биеийн ерөнхий хөгжил, тэсвэр тэвчээрээр дэлхийн шилдэг тамирчдаас дутах зүйл алга гэж дүгнэсэн. Манай багийн менежерийн хэлснээр манай тамирчид цана, цанын тосолгоо 1:30-2 минутын алдагдалтай, буудлага дээр 60 секунд, гулгалтын техник дээр 60 секунд нийтдээ 4 минутийн алдагдалтай явж байна. Мөн Беларусийн дасгалжуулагч А.В.Поповыг өнгөрсөн 9-р сарын 1-нээс эхлэн гулгалт, буудлагын техник дээр ажилуулж байна Бусад цана, хэрэгслийг Саломон компаниас авч хэрэглэж байна.
-Танай холбооны цаашдын зорилт юу байх бол?
-Мэдээж энэ спортыг хөгжүүлэхээр зорьсон тул олимпийн наадамд баг тамирчдаа оролцуулах хүсэлтэй байна. Энэ оны IBU-ийн дэлхийн цомд 2 тамирчнаа оролцуулахаар төлөвлөж байгаа. Ирэх 2020 оноос Бээжин-2022 олимпийн эрхийн тэмцээнүүд эхлэх тул бид нэлээн ажиллах шаардлагатай. Үүний тулд нягт хамтын ажиллагаа, уйгагүй бэлтгэл, хөдөлмөр хамгийн чухал. Нөгөө талаар тамирчдын бэлтгэл хийх нөхцөл бүхий өндрийн бэлтгэлийн баазыг бий болгох томоохон төслийн суурийг тавилаа. Энэ талаар ОУБХ-ны Ерөнхийлөгч Д.Олли, холбогдох хүмүүстээ уулзаж танилцууллаа.
-Ярилцсанд баярлалаа.
Түүхийн хуудаснаа:
• Биатлон нь 1953 онд орчин үеийн 5 төрөлтийн нэгээр албан ёсоор хөгжиж ирсэн Олон улсын олимпийн хороо 1954 онд өвлийн спортын нэгээр батламжлав
• Орчин үеийн 5 төрөлтийн холбоо нь биатлоны тэмцээний дүрмийг албан ёсоор батлав
• Эрэгтэйчүүдийн төрлөөр анхны ДАШТ 1958 онд Австрит зохион байгуулагдсан Эмэгтэйчүүдийн анхны ДАШТ 1984 онд Францад болсон
• Альбервиль-1992 оны өвлийн олимпийн наадамд эмэгтэйчүүдийн төрөл багтсан
• Олон улсын биатлоны холбоо 1993 онд Лондон хотноо үүсгэн байгуулагдсан
• Олон улсын биатлоны холбоо нь Орчин үеийн 5 төрөлтийн холбооноос бие дааж, Олон улсын олимпийн хороогоор 1998 онд хүлээн зөвшөөрөгдсөн
• Монголын баг Иннсбрук-1964, Гренобль-1968 олимпийн наадамд оролцсон
• Монголын биатлоны холбоо 2019 онд байгуулагдсан Чанчунь-2007, Саппоро-2017, Сахалинск-2019 Азийн өвлийн наадамд орж байсан
• Монголын биатлончид 1964 Innsbruck, AUT,1968 Grenoble, FRA олимпуудад оролцож 38-р байр эзлэж байжээ.

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээлэл