“Хар тамхи дамжин өнгөрүүлэгч”-ээс “хэрэглэгч”-ийн хар жагсаалтад оржээ

Цагдаагийн байгууллагаас хамгийн сүүлд хоёр ч дуучныг хар тамхи хэрэглэж байхад нь саатуулаад байна. Тэднийг мансууруулах эм сэтгэцэд нөлөөлөх бодисыг хууль бусаар хэрэглэсэн, бусдад борлуулсан байж болзошгүй үндэслэлээр цагдан хориод байгаа юм.Тэгвэл  Тагнуулын байгууллагаас мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр нэвтрүүлэх гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр эрчимтэй ажиллана гэдгээ энэ сард мэдэгдлээ.

Тагнуулын Ерөнхий газраас хамгийн сүүлд гэхэд,  Монгол Улсын нэр бүхий иргэд АНУ-аас Дельта-9 тетрагидроканнабинол гэх мансууруулах бодисыг улс хоорондын шуудан илгээмжид нуун Буянт-Ухаа хилийн боомтоор зохион байгуулалттайгаар нэвтрүүлсэн болон БНХАУ-аас метамфетамин /”мөс”/ гэх мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг Өмнөговь аймгийн Гашуун Сухайт авто замын шалган нэвтрүүлэх боомтоор нэвтрүүлсэн зэрэг гэмт үйлдлүүдийг илрүүлэн шалгаж шүүхэд шилжүүлэн шийдвэрлүүлээд байгаа аж.

Тус газраас мэдээлснээр хар тамхийг хилээр хууль бусаар оруулж ирэх үйлдлийг манай иргэд гадаадын иргэдтэй хамтран хийхдээ богино хугацаанд өндөр ашиг олно хэмээн итгэж байснаа  мэдүүлж байжээ.

Ингэхдээ мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хүүхэд, залуучуудад зарж борлуулах, хилийн ачаалал ихтэй боомтоор өөрийн болон бусдын ачаа тээшинд нууж нэвтрүүлэх, эсхүл олон улсын шуудан, илгээмж, карго зэрэг боломжит бүхий л зам сувгийг ашиглахаар амласан гэдгээ хүлээсэн байна.

Хар тамхитай тэмцэх олон улсын байгууллагаас Монгол Улсыг хар тамхи “дамжин өнгөрүүлэгч улс”-аас “хэрэглэгч улс” болж өөр жагсаалтад орсныг анхааруулсан байна. Тиймээс мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисын хэрэглээ нь манай улсын залуу үе рүү чиглэгдэж, хүн амын эрүүл мэнд, нийгэм, эдийн засаг, цаашлаад үндэсний аюулгүй байдалд сөрөг нөлөө үзүүлэх нэгэн онцгой хүчин зүйл болж байгаа тул Тагнуулын ерөнхий газраас хүүхэд, оюутан, залуучууд, эцэг, эх, сурган хүмүүжүүлэгч, иргэд, олон улсын шуудан илгээмжийн үйлчилгээ эрхэлдэг байгууллага, аж ахуйн нэгжүүдэд онцгой анхаарал хандуулахыг уриалж, сэрэмжлүүлэг, мэдээлэл хүргэх үүрэг хүлээж байгаа аж.

Мансууруулах бодистой холбоотой мэдээллийг төлбөртэй авна

Нэгэнт олон улсын байгууллагаас хар тамхи, мансууруулах бодисын хууль бус хэрэглээний хар жагсаалтад Монгол Улсыг оруулсан тул таны гэр бүл, ойр дотнын хүн эдийн засгийн хувьд бусдаас хараат болох, удмын сан, ургийн болон бие эрхтний хөгжилд нь өөрчлөлт, гажиг үүсэх эрсдэл ойрхон байна гэж үзсэн байна.

Иймээс иргэдийг үүргээ биелүүлэн хар тамхи, мансууруулах бодистой холбоотой хууль бус үйлдэл, үйл ажиллагааны талаарх мэдээллийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.5 дугаар зүйлд зааснаар мэдээллийг 92263619 дугаар бүхий утсаар төлбөртэй авах юм байна.

Тагнуулын ерөнхий газар нь мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр нэвтрүүлсэн гэмт үйлдлийн талаарх мэдээлэл өгсөн иргэн, байгууллага, аж ахуйн нэгжийн аюулгүй байдлыг хангаж, нууцыг чанд хадгална гэдгээ мэдэгдээд байна.

Хилийн чанадад сурч байгаа оюутнууд хар тамхи, сэтгэцэд нөлөөлөх бодисыг хэрэглэх, бусдад зарж борлуулах үйлдэлд хамтрагч болон оролцох нь түгээмэл байгаа тул хэрвээ хамтран сурдаг оюутан юм уу, ойр дотны хэн нэгэн энэ чиглэлээр санал болгох юм бол өөрийн улсын Элчин сайдын яамандаа даруй мэдэгдэнэ үү хэмээн Тагнуулын Ерөнхий газраас анхаарууллаа. Тус газраас гаргасан сэрэмжлүүлгийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Дотоодод анхаарах асуудал:

– Хүүхэд, залуучуудаа гэмт хэрэгт өртөхөөс сэргийлэх үүднээс тэдгээрт энэ төрлийн хууль бус үйл ажиллагаанд оролцсоноос үүдэх эрүүл мэндийн болон хууль зүйн үр дагаврыг таниулах, ойлголт төлөвшүүлэхэд чиглэсэн сургалт, хүмүүжлийн арга хэмжээг сургууль, ар гэрийн хүрээнд зохион байгуулах, өсвөр насны хүүхэд, оюутан, залуучуудад тавих хараа хяналтыг сайжруулж, тэдний биеэ авч яваа байдалд анхаарах;

– олон улсын шуудан, илгээмжийн үйл ажиллагаа эрхэлж буй иргэн, аж ахуйн нэгж нь илгээмжийг нэг бүрчлэн шалгаж авах, илгээмжийн эзний бичиг баримтыг зайлшгүй биечлэн үзэж бүртгэл хөтлөх, холбоо барих утасны дугаарыг тэмдэглэн авч хэвших;

– хилээр нэвтэрч байгаа тээврийн хэрэгслийн жолооч хүн, ачаа тээш зөөвөрлөхдөө хууль бус бараа, эд зүйл авч яваа эсэхийг сайтар асууж тодруулан шалгаж тээвэрлэх, сэжиг бүхий ачаа тээш илэрсэн тохиолдолд хууль хяналтын байгууллагад даруй мэдээлж хамтран ажиллах.

Хилийн чанадад анхаарах асуудал:

– иргэд гадаад улсад зорчихдоо хүнээс дайвар ачаа бараа авахаас аль болох зайлсхийх, авсан тохиолдолд тухайн ачааг зайлшгүй үзэж, шалгаж авах;

– өөрийн ачаа тээшинд байнга хяналт тавьж, эзэнгүй орхихгүй байх;

– гадаад оронд сурч, ажиллаж буй иргэд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хэрэглээнээс ангид байж, ойр дотны хүмүүсийн хууль бус ятгалгад автахгүй байх;

– таны хамт сурдаг, ажилладаг хэн нэгэн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар олж авах, хэрэглэх, борлуулах, тээвэрлэх гэмт хэргийг үйлдсэн, үйлдэхээр бэлтгэж байгаа, эсхүл таныг татан оролцуулахыг оролдсон, ятгасан тохиолдолд нэн даруй Монгол Улсаас тухайн оронд суугаа элчин сайдын яаманд хандаж хууль зүйн зөвлөгөө, туслалцаа авах хэрэгтэй.

 

+ There are no comments

Add yours