Ц.Нямдорж: Монгол Улсын “саарал жагсаалт”-ын хяналтыг зөөлрүүллээ гэсэн захидал надад ирсэн

МАН-ын бүлгийн хуралдаанаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах болон Монгол Улс “саарал жагсаалт”-д орсон тухай асуудлыг хэлэлцжээ. Үүнтэй холбоотойгоор мэдээлэл хийлээ.

Энэ үеэр бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Энэ долоо хоногт Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийн гуравдахь хэлэлцүүлгийг хийнэ. Түүний дараа АН-тай зөвшилцөнө” гэсэн юм.

Тэгвэл Монгол Улс Мөнгө угаах терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх олон улсын байгууллага ФАТФ-ын “сааралт жагсаалт”-д орсон тухай  мэдээллийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж өглөө. Тэрбээр,  “Энэ асуудлыг улс төржүүлж байгаа болохоор тодорхой зүйл хэлэх нь зүйтэй байх. 2016 онд 2013-2016 оны  санхүүгийн байдалд үнэлгээ хийсэн. Энэ үед Ил тодын тухай  хууль  2015 оны наймдугаар сарын 6-нд батлагдсан байсан. Тэр хуулийн дараа Монголын хөрөнгийн хэмжэ 34 их наядаар нэмэгдэж, байснаасаа 150 хувиар ихэссэн. Ийм сэжигтэй  хөрөнгийн хөдөлгөөн  хийгдсэн учраас ФАТФ-ын шалгалтад хамрагдсан. Ил тодын хууль 2015 оны нэгдүгээр сард УИХ-д орж ирж нэг удаа буцсан. Дараа нь 2015 онд наадмын үеэр АН, МАХН  уулзаж,  хоёр хууль баталсан. Нэг нь энэ Ил тодын тухай хууль, нөгөө нь Өршөөлийн тухай хууль. Өршөөлийн хуульд авлига албан тушаалын гэмт хэрэгтэнг хамруулахгүй гэж тухайн үеийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хориг тавьсан. Би түүнийг дэмжиж байсныг олон нийт мартаагүй байх. Ингэж хууль гаргаж, хуулийн дараа Монгол Улсын хөрөнгийн хэмжээ 100 гаруй хувиар нэмэгдсэн нь гаднын байгууллагад сэжиг төрүүлсөн. Түүний дараа 2016 оны сүүлчээр ФАТФ-ын ажлын хэсэг ирж ажиллаад, Монгол Улсад үнэлгээ хийсэн. Үнэлгээнийхээ тайланг 2017 оны тавдугаар сард гаргаж, 40 зөвлөмж өгсөн. Тэр 40 зөвлөмжийг хэрэгжүүлэх чиглэлээр Засгийн газар ажиллаад  4, 5 асуудлаас бусдыг нь биелүүлсэн гэдэг дүгнэлт өгсөн. Хамгийн сүүлд энэ сарын 11-нд Ази, Номхон далайн бүсийн орны хамтарсан бүлгийн даргаас надад захидал ирсэн. Захидалд “Монгол Улсыг эрчимтэй хяналтад байлгахыг зогсоож, өргөтгөсөн хяналтад байлгах төлөвт” орууллаа гэсэн. Тэр нь хяналтынх нь  зэрэглэл зөөлөрсөн гэсэн үг. Хяналтын зэрэглэлийг бууруулж “саарал жагсаалт”-д улсын нэр оруулснаа баасан гарагт зарласан. Энэ 4,5 асуудал гээд байгаад мөнгө угаахтай тэмцэх асуудлаар шүүх шийдвэр гаргахгүй байна. Хөрөнгө хураагдахгүй байна гэдэг асуудал нэрлэгдсэн. Мөнгө угаахтай холбоотой хууль нь батлагдсан. Одоо үнэт эдлэлтэй холбоотой асуудлыг мөн цэгцэлнэ. Гадаадын ажиллах хүчний буюу терроризмтай нь холбогдож байгаа асуудал ч дурдсан” гэлээ.

Тэгвэл Монголбанкны дэд ерөнхийлөгч  Б.Лхагвасүрэн “Олон нийтийн яриад байгаа шиг карт үйлчлэхгүй гэсэн юм байхгүй.  Мөн нэмж эрсдэл гарахгүй. Монгол Улсын эдийн засгийн өсөлт сайн байгаа. Худалдааны, төлбөрийн тэнцэл ашигтай гарч байгаа. Мөн ГВАН нэмэгдэж байгаа. Тэгэхээр  монгол төгрөгийн ханш буурахгүй” гэсэн юм.

+ There are no comments

Add yours