Гурван уулзварт зүүн эргэхийг хориглосноор хөдөлгөөний эрчим 50 хувиар нэмэгдэнэ

Замын хөдөлгөөний эрчмийг нэмэгдүүлэх уулзвар дахь хөдөлгөөний эрчмийг 50 хүртэл хувиар нэмэгдүүлэх зорилгоор хамгийн ихээр ачаалалдаг гурван уулзварын гэрлэн дохионд өчигдрөөс эхлэн өөрчлөлт орууллаа. Үүнд, Баруун 4 замын уулзвар, МИС-ийн уулзвар, Цэцэг төвийн уулзварууд хамрагдаад байна.

Замын хөдөлгөөн төлөвлөлт зохицуулалт инженерчлэлийн газрын судалснаар хамгийн ачаалладаг дээрх гурван уулзварт зүүн эргэхийг хоригловол хөдөлгөөний эрчим 50 хувиар нэмэгдэнэ гэж үзэж байгаа юм.

Баруун 4 замын уулзварт хойноосоо Энхтайваны өргөн чөлөө рүү зүүн гар тийш эргэх хөдөлгөөнийг зөвхөн чигээрээ болгож өөрчилж байна. Судалгаагаар энэ чиглэлд цагт ердөө л 70-80 тээврийн хэрэгсэл эргэдэг ба бүтэн өдрийн турш 1000 хүрэхгүй тээврийн хэрэгсэл эргэж байгаа нь уулзвар нэвтрэх цаг хугацааны хувьд ихээхэн алдагдалтай байгаа юм. Өөрчлөлтийг хийснээр урдаас хойшоо чиглэсэн автомашины тоо 88 хувиар буюу цагт 479 автомашин нэвтэрч байсан бол 766.2 автомашин болж өснө.

 Гурван уулзварт зүүн эргэхийг хориглосноор хөдөлгөөний эрчим 50 хувиар нэмэгдэнэ

Механик инженерийн сургуулийн уулзварт урдаасаа зүүн гар тийш эргэх хөдөлгөөнийг зөвхөн чигээрээ болгож өөрчилж байна. Судалгаагаар энэ чиглэлд мөн л цагт ердөө 70-80 тээврийн хэрэгсэл эргэдэг ба бүтэн өдрийн турш нэг мянга хүрэхгүй тээврийн хэрэгсэл эргэж байгаа нь уулзвар нэвтрэх цаг хугацааны хувьд ихээхэн алдагдалтай байгаа юм. Ингэснээрээ урагш нэвтрэх босоо чиглэлийн хөдөлгөөний эрчим 2 дахин нэмэгдэх ба урдаасаа хойшоо чиглэх хөдөлгөөн урд нь 2 эгнээгээр байсан бол өөрчлөлт хийснээр 3 эгнээгээр явж хүлээлт багасна гэж тооцоолж байна.

 Гурван уулзварт зүүн эргэхийг хориглосноор хөдөлгөөний эрчим 50 хувиар нэмэгдэнэ

Цэцэг төвийн уулзварт зүүнээсээ ирээд зүүн гар тийш эргэх хөдөлгөөнийг зөвхөн чигээрээ болгож өөрчилж байна. Судалгаагаар энэ чиглэлд цагт 200 орчим тээврийн хэрэгсэл эргэдэг энэ эгнээг чигээрээ явах болгосноор уулзварын Энхтайваны өргөн чөлөөний баруун 4 замаас төв шуудангийн уулзвар луу явах хөдөлгөөний ачаалал буурах юм. Харин гудамж руу орох тээврийн хэрэгслүүд төв шуудангийн уулзвараа зүүн гар тийш эргэж орох боломжтой юм.

 Гурван уулзварт зүүн эргэхийг хориглосноор хөдөлгөөний эрчим 50 хувиар нэмэгдэнэ

Хан-Уул дүүрэг дэх Замын цагдаагийн тасгийн А.Оюун-Эрдэнэ “Механик инженерийн сургуулийн уулзварын тухайд урдаас ирж байгаа тээврийн хэрэгсэл зүүн гар тийш эргэж байгаа хөдөлгөөн цагт 70-80 байсан. Эдгээр тээврийн хэрэгсэл эргэх хугацаанд хойноос ирж байгаа тээврийн хэрэгслийн хөдөлгөөн гэрэл дохиогоор хаагддаг. Судалгаанаас харахад хойноос ирж байгаа тээврийн хэрэгсэл ажлын өдрүүдэд өглөө орой ажил цуглах, тарах үед маш их ачаалалтай байдаг. Тиймээс урдаас ирж байгаа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг эргүүлэхгүйгээр хойд талын замын тээврийн хөдөлгөөнийг дэмжих зорилгоор зохион байгуулалтайгаар хөдөлгөөний чиглэлийг өөрчилсөн” гэв.

+ There are no comments

Add yours