Ам.долларын ханш гурван төгрөгөөр өсчээ

Ам.доллартай харьцах төгрөгийн ханш нэг өдрийн дотор гурван төгрөгөөр нэмэгджээ.

Тодруулбал, Монголбанкны албан ханшаар өчигдөр нэг ам.доллар 2,671.6 төгрөг байсан бол өнөөдөр 2,674.62 төгрөгт хүрчээ. Валют арилжааны “Найман шарга” төв дээр нэг ам.долларыг 2,680 төгрөгөөр авч 2,685 төгрөгөөр худалдаалж байна. Харин өчигдөр тус арилжааны төв дээр доллар авах ханш 2,676, зарах ханш нь 2,678 байв.

Есдүгээр сард харьцангуй тогтвортой байсан тус валютын ханш аравдугаар сарын 10-наас өсөх хандлага ажиглагдсан бол аравдугаар сарын 14-нөөс огцом нэмэгджээ.

Ийнхүү 2019 оны аравдугаар сарын 1-ний ханштай харьцуулбал төгрөгтэй харьцах ам.долларын ханш өнөөдрийн байдлаар 15 төгрөгөөр нэмэгдээд байна.

Ханш гэдэг бол эдийн засгийн сууриа дагадаг, улс төр, эдийн засгийн хүндрэл үүсэх үед дагаж савладаг нэг үзүүлэлт билээ. Иргэдийн хүлээлт ч мөн ханшид нөлөөлдөг гэдгийг эдийн засагчид хэлдэг.

 

+ There are no comments

Add yours