Шахмал түлш “Хүний эрүүл мэнд, амь насанд эрсдэлтэй” гэдэг дүгнэлтийг нуужээ

Пүрэв Дашдорж

АН-ын бүлгийн төлөөлөгч М.Тулгат: –Засгийн газрын 62 дугаар тогтоолын дагуу Улаанбаатар хотод түүхий нүүрсийг хориглож шахмал сайжруулсан түлшийг хэрэглэж эхэлсэн. Харин сүүлийн үед хүний амь хохирч байгаа маш эмгэнэлтэй мэдээллүүд гарч байна. Үүнтэй холбогдуулан нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгчид бид маш ихээр санаа зовж байна. Агаарын бохирдол болон үүнтэй тэмцэх ажлын хүрээнд сар болгон мэдээлэл авч нөхцөл байдлын явцтай танилцаж ирсэн. Гэвч зарим нэг мэдээлэл дутуу ирсэн байна. Тухайлбал, өнгөрсөн хоёрдугаар сарын 15-ны өдөр сайжруулсан түлшний чанарын талаар “Хүний эрүүл мэнд, амь насанд эрсдэлтэй” гэдэг дүгнэлт гарч байж. Энэ мэдээллийг бид одоо л олж авч байна.

– Хаанаас гарсан дүгнэлт вэ?

-Энэ бол Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах газрын хэмжилтийн дүнгийн хуудас. Маш эмзэг асуудал. Ямар нэгэн байдлаар улс төржих зүйл биш юм. Одоо дахиад олон хүний амь эрсдэх вий. Одоо цахим орчин, хэвлэл мэдээллээр маш олон мэдээллүүд явж байгаа. Энэнээс яг аль нь үнэн бодит мэдээлэл вэ гэдгийг олж тогтоох хэрэгтэй. Ардчилсан намын бүлгийн болон бусад намын төлөөлөгчдийн зүгээс Монгол Улсын “Нийтий сонсголын хууль”-ийн дагуу энэ асуудлаар ерөнхий хяналтын сонсгол хийх албан хүсэлтийг НИТХ-ын даргад өнөөдөр өргөн барьлаа. Энэ асуудлаар нийтийн сонсгол явуулах болно.

2019 ОНД УЛС, НИЙСЛЭЛ БОЛОН ОЛОН УЛСЫН ТӨСӨЛ, ХӨТӨЛБӨРИЙН САНХҮҮЖИЛТЭЭС НИЙТ 168.4 ТЭРБУМ ТӨГРӨГ АГААРЫН БОХИРДЛЫН ЭСРЭГ ЗАРЦУУЛСАН БАЙНА.

МАН-ын бүлгийн төлөөлөгч С.Мөнхчулуун: “Энэ бол ямар нэгэн намын эсвэл улс төрийн асуудал биш ээ. “Улаанбаатарчууд нэг уушгитай” гэж ярьдаг. Угаарын асуудал хэрээс хэтэрлээ. Өнөөдөр болж байгаа асуудлын талаарх мэдээллийг бид хэвлэл мэдээллээс авч байна. Тиймээс энэ олон мэдээллүүдийг нэгтгээд ямар асуудал байгаа вэ гэдгийг, асуудлуудыг яаж шийдэх хэрэгтэй вэ гэдгийг ном журам, хууль дүрмийн дагуу явуулахын тулд “Нийтийн сонсгол”-ыг зайлшгүй явуулах шаардлагатай юм. Өнөөдөр төлөөлөгчид өөрсдөө мэдээлэлгүй байна. Нийслэл болон хотын удирдлагууд бүгд өөр өөр мэдээлэлтэй байна. Таван толгой түлшийн зөвлөхүүдийн зүгээс олон асуудлуудыг ярьж байгаа. Агаарын бохирдлын асуудлыг хариуцсан мэргэжилтэн өчигдөр өөрөө мэдээлэл хийсэн. Бидний хэрэглэж байгаа зуухаар хэрвээ энэ түлшийг хэрэглэх юм бол хүний амь нас эрсдэх аюултай гэдгийг хэлж байгаа юм. Энэ бол маш ноцтой асуудал юм. Тиймээс иргэдийн хурлын төлөөлөгчид нэгдээд нийтийн сонсголыг хийе гэдэг асуудал яригдаж байна. Нийтийн сонсгол гэдэг маань тал талын мэргэжилтнүүд, хохирогчид болон хийж хэрэгжүүлж байгаа газрууд оролцон мэдээлэл хийгээд албан ёсны дүгнэлтийг гаргаж цаашид хэрэгжүүлэх арга хэмжээг авах ёстой. Тэгэхгүй бол энэ түлшийг хэрэглэсээр байвал ямар үр дүн, хохирол гарахыг хэлж мэдэхгүй байгаа юм.

Өмнө нь иргэдийн хурал дээр сар болгон агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр асуудлуудыг ярьдаг. Гэвч энэ хоёрдугаар сард гарсан шинжилгээний мэдээлэл огт хөндөгдөж байгаагүй. Авсан мэдээллээр Үндэсний хороон дээр энэ асуудал танилцуулагдаагүй өнгөрсөн байна.

АН-ын бүлгийн ахлагч Ц.Баатархүү: “Нийслэл Улаанбаатар хотод нэн тулгамдаж байгаа асуудлаар НИХтөлөөлөгчид нэгдэж байгаа юм. Үүнд нам, улс төр гэсэн асуудал байхгүй. Нийт албан тушаалтнуудын ярьж байгаа мэдээлэл бүгд зөрөөтэй байна. Ямар нэг байдлаар нэгдсэн мэдээлэл өгөөчээ гэдэг хүсэлтийг дүүрэг, дүүргийн иргэд санаа зовнисон байдлаар бидэнд хандаж гаргаж байна. Энэ утгаараа Нийслэлийн иргэдийн хурал дахь төлөөлөгчид нийлж “Нийтийн сонсгол” хийх хэрэгтэй гэж үзсэн. Нийтийн сонсгол хийснээр үйлдвэрлэгчид, шийдвэр гаргагчид, хэрэглэгчид, түлшийг хэрэглээд хохирч байгаа иргэд, эрдэмтэн судлаачид, мэргэжлийн холбоод, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд бүгд хохирлыг бууруулахын төлөө онцгой анхаарч сар болгон агаарын бохирдлын асуудлаар сонсгол хийдэг байсан. Хамгийн харамсалтай зүйл гэвэл шийдвэр гаргагчид “Дутуу шаталт илүү байна” гэдэг мэдээлэл гарчихаад байхад энэ мэдээллийг нуудаг байсан байна. “Мэргэжлийн лабораториудаар түлшнийхээ дээжийг шинжлүүлсэн үү?” гэж төлөөлөгчид байнга асууж байхад “Шинжлүүлж байгаа. Хариу сайхан гарсан” гэдэг. Гэтэл одоог хүртэл Геологийн төв лабораторийн хариу гараагүй байгаа. Гаалийн төв лабораторийн дүн, Мэргэжлийн хяналтын газрын дүн гарчихсан. Бүх дүнгүүд гарсны дараа тодорхой мэдээлэл хийнэ. Төлөөлөгчдийн дөрөвний нэг нь өнөөдөр гарын үсгээ зураад иргэдийн хурлын төлөөлөгчдын даргад өргөн барьж байна. Нийтийн сонсголыг нэн яаралтай хийх хэрэгтэй.” гэжээ.

image

image

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээлэл