Г.Баасан: Монгол улсыг бүхэлд нь хэрсэн авлигын хонгилыг нураах цаг болсон

Монгол Улс системээрээ авлигын хонгилд орсон байна. Хонгил хагарах бүү хэл цуурахгүй байгаа ч манай багийнхан зорьсон зорилгоосоо буцахгүй, няцахгүй. Анх ОНЗ”ийн гишүүд АТГ-т ирэхэд, хүлээн зөвшөөрөхгүй, ад үзсэн өнгө аястай хандаж, бидний ажлын өрөөтэй байна гэж шаардсанаар камертай өрөөнд оруулж, нойлын өрөөнд орохоос бусад хөдөлөгөөнийг хязгаарласан хүйтэн уур амьсгалтай угтсан. Манай зөвлөлийнхөн Авлигатай тэмцэхээр байгуулагдсан газрын ажилтнуудаас, дарга нараас шударга ёсыг шаардаж, шударга ажиллаж, авлигатай тэмцэхийг сануулж ажилласаар байна… гэсээр угтсан Авлигатай тэмцэх газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн дарга Г.Баасантай ярилцсанаа хүргэе.
-Мэдээлэлгүй байна гэдэг нь авлига гэдэг мангасын сүлжээ амь бөх үргэлжлэхийг хэлж буй үйлдэл гэдэг?
-Ямар ч зүйл хаанаас, хэрхэн мэдээлэл авч байгаа болон аливаа асуудлын талаар ямар мэдээлэл хаанаас авч болохоос эхэлдэг. Авлигын тухай мэдээлэл авдаг тусгай 18001969 утасны дугаарыг сурталчилж олны хүртээл болгоогүй нь олон улсын болон бусад судалгаагаар илэрсэн. Мөн 18001969 төлбөртэй байсан нь иргэдэд хүндрэлтэй байсан учраас өөрчилж, яг л эмнэлэг, гал команд, цагдаагийн дуудлагын утас шиг үнэ төлбөргүй гурван орон руу залгаж дуудлага мэдээлэл өгдөг болгох шийдэлд хүрч, Авлига, албан тушаалтны хууль бус үйлдэл, үндэслэлгүй хөрөнгөжсөн байж болзошгүй баримт, ашиг сонирхолын зөрчилтэй асуудлыг 110 үнэгүй дугаарт мэдээлэл, гомдол хэлбэрээр хүлээн авч байх нөхцөл бүрдэж байна. Тиймээс иргэд 110 дугаар руу ямар ч утаснаас залгаж, авлигын тухай мэдээллийг өгч болохоор боллоо. Шударга бус үйлдлийн тухай, авлига байж болзошгүй тухай, хэн нэгэн дарга албан тушаалаа ашиглаж байж болзошгүй тухай, хэн нэгний эрх зөрчигдөж буй тухай, бусдад хэт давуу эрх олгож буй хууль бус үйлдлийн тухай залгаж мэдээлэл өгөхөд хүндрэлгүй болгож 110 дугаарын үнэгүй утсыг ажиллуулж байгаа нь ард иргэд авлигагүй байхад хүч, нэмрээ оруулах их том гишгүүр тавигдлаа гэж харж байгаа.
-Сүүлийн үед монголчууд янз бүрийн хонгил их ярих болсон. Таны ярианд ч хэдэндээ дурдагдсан авлигын хонгил гэж. Авлигын хонгилыг яаж нураах юм бэ, нураахын тулд ядаж цуурах ёстой байх даа?
-Авлигатай тэмцэх газар шударга бусын хонгил буюу Авлига гэдэг үгээр айлгаж өөрсдөө авлига авдаг хонгил байсан байх магадлал өндөр. АТГ-ын бүрэлдэхүүн өөрчлөгдлөө. Энэ том газрын толгойг өөрчиллөө, газрын даргаас гадна газар хэлтсийн дарга нарыг ч өөрчлөгдлөө. Монгол Улсын ерөнхий прокурор өөрчлөгдлөө… гэх мэтээр өөрчлөлт хийгдээд байна. Ингэсэн хэдий ч том хонгил жоохон доргисон болохоос цуурсан ч үгүй. Монгол Улс системээрээ авлигын хонгилд орчихжээ. Энэ хонгил нь хагарахгүй, цуурахгүй дэндүү бат бөх болчихжээ. Хаа сайгүй хэрэн сүлжиж улам цаашилж, хүрээгээ тэлсээр аймшигтай том хонгил үүсгэчихжээ. Тиймээс үүнээс салах ёстой. Энэ хонгилыг зад татахын тулд иргэн бүхний хувь нэмэр хэрэгтэй юм байна. Монгол Улс бүхэлдээ авлигын хонгилд орчихсоныг олон улсын байгууллагаас хийсэн судалгаа ч харуулж байна.
Ямар судалгаа?
-Төв Ази дэх авлигатай тэмцэх ажиллагаа гэдэг байгууллагаас манай улсад ирж судалгаа хийсэн. Энэ судалгаагаар Монгол Улсад өндөр төвшний авлига хэт газар авсан байна гэдэг дүгнэлт гаргасан байгаа юм. Монгол Улсад авлига хамгийн аюултай асуудал болсон гэдэгтэй та санал нийлэх үү гэсэн асуултад 100 хүний 88 нь шууд санал нийлнэ гэж хариулсан байна. 100 хүнээс 88 гэдэг маш өндөр тоо. Авлигын аюулын зэрэг дэндүү өндөр болсон нь маш аюултай зүйл мөн болохыг баталж байна хэмээн хувьдаа харж байна.
Өндөр төвшний авлига гэхээр?
-Шийдвэр гаргах төвшинд ажиллаж байгаа албан тушаалтнууд гэсэн үг. Энэ төвшинд байгаа авлигыг олон улсад “системийн авлига” гэж нэрлэдэг юм байна. Тэгэхээр Монгол Улс системээрээ авлигад орсон, системээрээ шударга бусад хүлэгдсэн гэсэн үг. Хүн бүхний мэддэг 60 тэрбумын сүлжээ, доод албан тушаал хүртэл хэрсэн байна гэсэн үг. Энхжаргалын үед төрийн албанд ажилд орсон 3000 хүнд хийсэн судалгаагаар нэг ч хүн мөнгө өгч ажилд ороогүй байна гэдэг ичмээр танилцуулга хийж байсан АТГ. Гэтэл яг үнэндээ захын дүүргийн цэцэрлэгт хүүхдээ оруулахад доод тал нь 400.000 төгрөг өгдгөөс эхлээд төрийн албан 10 саяас 30 сая гэсэн бичигдээгүй хууль хэрэгжиж байна, бүр маш сайн хэрэгжиж байгаа шүү. Энэ авлига биш гэж үү. Ийм л байдлаар Монгол Улс өнөөдөр системээрээ авлигын хонгилд орчихсон байна. Энэ хонгилыг зад татаж, хага ярж цоо шинэ нийгмийн шат руу гарахын тулд монголоо гэсэн сэтгэлтэй, шударга бусаар амьдрахаа больё гэсэн шийдлийг өөртөө итгүүлсэн итгэл сэтгэлийн галыг хүн болгонд асаах ёстой юм байна. Ингэхийн тулд мэдээлэл маш чухал. Мэдээлэл өгч, мэдээлэл авч ажиллаж байж хонгилд цууралт өгч, хонгилд гэрэл гэгээ гаргана. Хянахын тулд мэдээлэлтэй байх нь хамгийн чухал зэвсэг юм. Мэдээлэлтэй иргэд хүчтэй байхаас хууль зөрчсөн нөхдүүдийг гишгэх газаргүй болгох юм. Авлигааас салахын тулд авлига гэж нүдэнд харагдаж гарт баригдахгүй мангасыг дарах ёстой. Энэ ажлын эхлэл энэ сарын 1-нээс албан ёсоор ажиллаж эхэлсэн 110 дугаарын утас юм. Иргэд маань энэхүү 110 дугаарын утсанд холбогдож мэдээлэл өгөөрэй гэж дахин хэлье.
Яриа эхлэхийн өмнө та сургалтын тухай ярьж байсан. Тэгэхэд нуугдмал хөрөнгө буцаах байгууллагуудын хоорондын сүлжээ гэдэг үг санаанаас гардаггүй?
-Өнгөрсөн долоо хоногийг авлигаар “амьсгалж”, гурван өдрийг сургалтад сууж, бусад орны туршлага судалж өнгөрөөлөө. Манай зөвлөлөөс хоёр хүн оролцсон, маш үр дүнтэй, олон зүйлийг мэдсэн, туршлага судалсан сургалт байлаа. Ази, Номхон далайн орнууд авлигатай хэрхэн тэмцэх вэ, нуугдсан хөрөнгийг хэрхэн буцааж авах вэ гэсэн сэдэвт чиглэгдсэн олон улсын хурал, туршлага судлах сургалт боллоо. Ази, Номхон далайн орнуудын Нуугдсан хөрөнгө буцаах байгууллагуудын хоорондын сүлжээ гэдэг том байгууллага байдаг. Энэ байгууллагын жил бүр гишүүн улс орнуудын Авлигатай тэмцэх байгууллага ээлжлэн удирдаж олон улсын сургалтыг зохион байгуулдаг юм байна. 2019 онд Ази, Номхон далайн орнуудын Нуугдмал хөрөнгө буцаах байгууллагуудын хоорондын сүлжээг Монгол Улсын Авлигатай тэмцэх газар удирдаж ажилласан. Тиймээс тус сүлжээний Бүгд хурал манай улсад таван хоног зохион байгууллагдлаа.
Хууль бус нуугдмал хөрөнгийг эргүүлэн олж ирэхийн тулд явагддаг нуугдмал үйл ажиллагаанууд юу байдаг юм бол?
– Тухайн улс орны хил даваад гарчихсан хууль бус нуугдсан хөрөнгийг яаж буцааж авах вэ, ямар нөхцөл байдал үүсдэг юм, яаж хил давуулдаг юм, хэн тусалдаг юм, энэ гэмт хэргийг таслан зогсоохын тулд яаж ажиллах вэ гэх зэргээр олон мэдээллийг авсан үр дүнтэй сургалт болсон. Сүлжээний олон компаниуд, маш олон төрлийн данснууд, жинхэнэ эзэн биш атлаа ашиг хуваагч нарын оролцоотой хэлбэр төдий байгуулагдсан компаниудыг хэрхэн илрүүлж, энэ бүхний ард байгаа эцсийн өмчлөгийг олж, тогтоохын тулд ямар мөрдөн шалгах ямар ажиллагаа явуулах вэ, яаж мэдээлэл цуглуулах вэ, хөрөнгийг яаж тогтоох вэ гэх мэтээр маш нарийн олон зүйлийг ярилцаж, туршлага солилцсон их том сургалтанд хамрагдаж, их үр дүнтэй мэдээлэлтэй боллоо хэмээн дүгнэж байгаа. Сургалтанд яригдсан, жишээ гэмт хэргийн үйлдлүүд манай улсад бас байна.
Тухайлбал, нуугдмал хөрөнгө оруулагчид, дам түрээслэгчид, бүтээн байгуулалт нэрээр мөнгө угаагчид, бохир мөнгөөр үл хөдлөх хөрөнгийн худалдан авалт хийх, нууц казино, мөрийтэй тоглоомын газар, хар тамхи, мансууруулах бодисын далд наймаа, сүлжээ, уул уурхайн тоног төхөөрөмжийн түрээслэл нэрээр эргэдэг санхүүжилт, хувьцаа эзэмшигчийн далд бизнес, ресторан, зочид буудлын үйлчилгээ… гэх мэтээр бохир мөнгө угаах асар том ажиллагаа явагдаж байдаг юм байна. Энэ бүхнээс гадна, үнэт чулуу, газар худалдан авах, лиценз, хүний наймаа, хурдан удмын адуу худалдах, виткион … гэх мэтээр 17 нэр төрлийн хууль бус мөнгө, татвараас бултсан нуугдмал хөрөнгө, бохир мөнгөний эргэлтийг бүрдүүлж байдаг юм байна.
Монгол Улс цөөхөн хүн амтай, хязгаар тогтоогоод хүрээг хумихад “хүсэхгүй” гэдэг хүчин зүйл илүү нөлөөлдөг юм шиг. Тиймээс авлига хүрээгээ тэлээд байдаг юм болов уу?
-Бүхнийг хяналтандаа байлгаж чадах юм бол авлигагүй нийгэм бүрэлдэх үндэс бүрдүүлнэ гэдгийг саяын сургалтаар маш тодорхой заасан. Монгол Улс гуравхан сая хүн амтай. Энэ хэрээр авлигын хэрсэн сүлжээг таслах боломжтой гэсэн үг. Нэг томоохон албан тушаалтан байлаа гэхэд, жолоочийнхоо нэр дээр бизнес эхлүүлсэн, үл хөдлөх авч өгсөн, хадам аавынхаа, эхнэрийнхээ дүүгийн гэх мэтээр гэнэт л жижиг, том бизнесүүд эрхэлж, хүрээгээ тэлсэн гэнэтийн гэмээр хөрөнгөжилт бий болдог. Монголчууд түүнийг хараад л “тэр дарга болоод ах дүүсээ өөд нь татаж байна, машинаа сольчихож, байраа томруулчихаж…” гэх мэтээр яриад өнгөрдөг.
Гэтэл тэр хүн хууль бусаар нуугдмал хөрөнгө бий болгож байгааг хэн ч анзаардаггүй, анзаарсан ч “хэл амны нэмэр, надад хамаагүй” гэх мэтээр өнгөрөөдөг. Энэ байдал даамжирсаар нийгмийг бүхлээр нь албан тушаал дагасан авлигын гэмт хэрэг хэрэн сүлжиж байгаа маш том хор уршигтай. Тиймээс энэ бүхнийг бага, том гэлгүй таслан зогсоож, хэрсэн сүлжээг нь тасалсанаар нийгмийг эрүүлжүүлнэ. Тэр нэг дарга этгээдийн хууль бус хөрөнгөжсөн үйлдлээс болж энгийнээрээ, өөрөөрөө ажлаа хийгээд явж байгаа бусад хүмүүс санхүүгийн хомсдолд орж, хохирч болохгүй шүү дээ. Эрх тэгш нийгэмд шударга ажиллаж байгаа нь хохирч болохгүй. Ийм зүйлтэй эвлэрэхгүй учир АТГ-ын дэргэдэх ОНЗ-ийн залуучууд, манай багийнхан хичээж, шаргуу ажилладаг. Зарим хүмүүс ярьдаг юм. Ямар ч цалингүй, цаг наргүй ингэж зүтгэдэг солиотой юм уу гэж. Нийгмийг эрүүлжүүлэхэд гар бие, оюун санаагаа зориулж чадна гэж үзээд Монгол улсын ерөнхийлөгч томилсон учраас бид иргэд олон нийтийн итгэлийг алдахгүйн тулд ажлаа хийцгээж байна.
Нуугдмал хөрөнгөтэй монголчуудын жишээ тасрахгүй байх аа. Ядаж л энэ гишүүний, тэр улс төрчийн байр, эдлэн газар, эмнэлэг, сургууль… гэх мэтээр асар их санхүүжилттэй том бизнесүүд монголд олон. Яг мөн үү гээд гэрчилгээг шалгахаар тэр гишүүн, энэ улс төрчийн нэр байхгүй, тэгсэн атлаа нийгмээрээ түүнийх гэж мэдээд байдаг?
-Тийм ээ. Гэрчилгээнд байхгүй атлаа нийгмээрээ тухайн этгээдийнх мөн гэж мэдээд байдаг нуугдмал хөрөнгийн жинхэнэ эзнийг олон улсад яаж тогтоосон бэ гэхээр зургаан жилийн өмнө 2013 оноос эхлэн тухайн үл хөдлөх болон хөдлөх бүртгэлийн гэрчилгээнд өмчийн жинхэнэ эзнийг заавал дурддаг болсон байна. Харин манай улсад энэ зохицуулалт хэрэгжээгүй. Тиймээс бид тухайн өмчийн эзнийг заавал гэрчилгээнд дурддаг болох зохицуулалтыг шаардах хэрэгтэй байна. 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс энэ өөрчлөлтийг, зохицуулалтыг мөрдөж эхэлбэл маш олон нуугдмал хөрөнгийг илрүүлнэ. Хууль бус мөнгө угаалтыг зогсооно.
Үүнээс гадна, тухайн этгээдийн гүйлгээний урсгалыг хянах хамгийн чухал гэдгийг саяын сургалт дээр маш тодорхой зааж байсан. Хуурамч данснууд, хууль бус мөнгө угаалтад хэн тусалдаг вэ гэхэд мэргэжлийн санхүүгийн байгууллагууд, мэргэшсэн хуульчид л тусалдаг юм байна. Тиймээс үүнд тусалж байгаа мэдээллийг нуун дарагдуулсан, худал мэдээлэл өгсөн, нуухад нь тусалсан хуульч болон санхүүгийн байгууллага болон хувь хүнд ногдуулах харицлага нь өндөр байх зохицуулалтыг олон улсын жишгээр хийх нь энэ гэмт хэргийн хүрээг хумих эхний алхам болно. Манай улсад байхгүй жишиг. Тиймээс манай улсад нэгэнт энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх ажлыг эхлүүлж байгаа учир шаардлагатай хуулийн зохицуулалтыг маш яаралтай хийж эхлэх, нутагшуулах нь хамгийн чухал.
Монголд суурьших хүртэл удна даа?
-Нэгэнт олон улсад хэрэгжээд эхэлсэн байхад манай улсад зохицуулагдаад явахад дутах юу байна. Муу жишгийг их л хурдан хэрэгжүүлээд байгаагаас харахад сайн жишгийг ч бас хурдан хэрэгжүүлэх боломж байна гэдгийг хэлээд байна. Бид ингэж хойш тавих биш нутагшуулна, хийнэ гэж зүтгэх ёстой. Ингэж байж хаа сайгүй хэрсэн авлигаас сална шүү дээ. Тэгээд ч Монгол Улс Авлигын эсрэг гэрээ конивацид элссэн, олон улсын жишгийг дуурайгаад хийхэд ямар ч хаалт байхгүй. Тиймээс эерэг зохицуулалтыг хийх сэтгэлгээ, шуурхай байдал л дутагдана уу гэхээс Монгол Улсад өөр ямар нэгэн хаалт, эрх зүйн орчинд гацах зүйл байхгүй шүү дээ.
Харин надад маш ихээр удна гэж харагдаж байна. Хамгийн энгийн жишээ хэлэхэд л хүчний байгууллагад ажиллаж байсан мэргэшсэн хүмүүс тэтгэвэртээ гарахаар томоохон компаниудад зөвлөхөөр ажилд ордог. Нөлөөлөл маш их шүү дээ?
-Тэгж л гэмт хэргийг нуун дарагдуулдаг байдлыг таслан зогсоох цаг болсон. Ингэж байна гээд эвлэрээд суудаг цаг үе өөрчлөгдсөн. Тиймээс энэ өөрчлөлтийг хийхэд хожигдохгүй юм. Өөрчлөлтийг хэн ч хийж болдог. Магадгүй та бид хоёр ч хийж болно. Хамгийн гол нь гарц нь байж байхад гаргалгааг олох ёстой. Тэгж байж яриад байдаг нийгмийг бий болгоно. Миний өнөөдөр танд ярилцлага өгч байгаа маань ч энэ ажлын эхлэл байхыг үгүйсгэхгүй. Хэн нэгэн хийхийг хүлээх биш хэрхэн хийх вэ гэж гаргалгаа олж зүтгэх нь чухал. Нийгэм ийм байна гэж шүүмжилж суух биш дор бүрнээ хариуцлагатай ажиллаж, амьдраад сурчих нь нөгөө мөрөөдөөд яриад байдаг нийгмийг бүрдүүлнэ гэдгийг л мартаж болохгүй.
Бүхнийг хяналтандаа байлгаж, нийгмийг эрүүлжүүлж, авлигагүй төр, нийгмийг бий болгоход хүн бүхний оролцоо чухал. Зөвхөн Олон нийтийн зөвлөлийн ажил биш, бас авлигатай тэмцэхэд Авлигатай тэмцэх газар ганцаараа тэмцээд үр дүнгүй, тэр бүү хэл тэмцэх ёстой газрын даргыг авлигад орооцолдсон нөхрийг томилоод үүд хаалгыг нь хаачихдаг дэндүү аймшигтай улс төржсөн хүмүүс байдгийг өнгөрсөн хугацаанд монголчууд харлаа шүү дээ. Тиймээс энэ байдалд өөрчлөлт оруулах цаг болсон. Бага, багаар өөрчилж байгаа ч бүүр ихээр шуурхай өөрчлөх боломж байна. Тэр боломжийг алдахгүй ажиллах цаг иржээ гэдгийг би энэ ярилцлагаараа олон нийтэд хүргэхийг зорьж байна. Тэр бол бүхнийг хяналтад байлгаж авлигагүй нийгмийг бүтээх боломжтой юм шүү, монголчууд аа…
Та баахан зохицуулалт ярьж байна. Тэр зохицуулалтыг хэн хийх юм бэ?
-Хууль батлаад орхичихдог биш, тухайн хууль хэрэгжиж байна уу, үгүй юу. Хэрэгжилт нь үр дүнтэй юу, үгүй юү гэдгийг … хэрэв үр дүн гарахгүй бол хаана, юунаас болж гацаад байна. Муу хууль баталсан бол муу нь хаана нь байна, хэн завшаад байна. Эсвэл баталсан хуулиа өөрсдөө зөрчөөд байгаа юм уу, яагаад өөрсдөө зөрчих байж хууль батлав, хууль зөрчиж иргэдээ гутааж доромжлох байсан юм бол яах гэж баталж даажигнав… гэх мэт олон асуултын хариултыг эрж ажиллах ёстой. Энэ мэт шалтгааны улмаас би болон манай багийнхан ажиллаж байна.
Өөрчлөлтийг чин сэтгэлтэй хүмүүсийн нэгдэл шахаж шаардаж эхлүүлдэг, үр дүнг нь олон нийт хүртдэг юм шүү дээ. Магадгүй ингэж хийхгүй бол таны хэлсэн шиг хэн ч хийхгүй байсаар 100 жил өнгөрөх ч юм билүү. Үгүй шүү, энэ нийгэмд эрх эдэлж амьдарч байгаа бол хийх ёстой зүйлийг хийж, судалж сурч мэдсэнийхээ хэрээр нийгэмд үр бүтээлтэй амьдрах ёстой. Тиймээс өөрчлөлтийг хүлээх биш олон улсад хийгдчихсэн зүйлийг зохицуулалтыг нь хийж монголдоо нутагтшуулж, нийгмээ цэвэршүүлэхэд, авлигаас салгахад чиглүүлсэн ажлаа хийх болно. Хийсээр ч байх болно. Эхлэлийн маань нэг хэсэг нь энэ ярилцлага юм шүү дээ.
Олон нийтийн зөвлөлөөс зохион байгуулсан хэвлэлийн хурлыг харсан. Хэвлэлийн хурал дээр таны хөндөж хэлсэн нэг зүйл анхаарал татсан. Сум хөгжүүлэх сан, орон нутаг хөгжүүлэх сан хоёр бол тусдаа санхүүжүүлэлттэй сангууд… эдгээр санг хүмүүс нэг их анзаардаггүй, угаасаа анхаарал татахаар ч санхүүжилт яригддаггүй нөхцлийг үүсгэчихсэн. Тиймээс хэн ч анзаардаггүй мөнгө урсаж байдаг, булхай ч их байдаг талаар та хөндөж байсан?
-Хэнтий, Сүхбаатар, Дорноговь, Говьсүмбэр гэсэн дөрвөн аймгийн төвд, Сүхбаатар аймагт Дарьганга, Хэнтий аймгийн Цэнхэрмандал, Жаргалтхаан, Дорноговь аймагт Айраг,Замын-Үүд, Говь-Сүмбэр аймагт Шивээговь суманд ажилласан. Эдгээр аймаг, сумдад 2017-2018 онд АТГ-ын дарга Энхжаргалын удирдамжаар АТГ ажилласаны үр дүнг ОНЗ хянаж ажилласан.
Ажиллаж, зөвлөмж өгч, бас иргэдийн дунд авлигаас ангид байх ёстой гэсэн ойлголт хэр зэрэг суусан, хэр мэдээлэлтэй байдаг юм, орон нутгийн авлигын нөхцөл ямар байна, татварын мөнгөний зарцуулалт, албан тушаалын наймаа, ах дүүсэг байдал ямар төвшинд байна, хуулийн хэрэгжилт, мөрдлөг ямар байна, иргэд авлигатай тэмцэх асуудлаар ямар мэдээлэлтэй байна, АТГ-руу шууд ханддаг иргэдийн чадвар байна уу, иргэд орон нутгийн төсөв хөрөнгийг хэр мэддэг юм, төсвийн зарцуулалтад анхаарал тавьж чаддаг уу, мэдээлэл байна уу, орон нутгийг хөгжүүлэх сан, сум хөгжүүлэх сангийн төсөл хөтөлбөрт хэрхэн хамрагдаж, ямар үр дүн гаргаж байна, зээлийн эргэн төлөлт ямар байна гэх мэт асуудлуудыг хөндсөн судалгаа авсан.
Орон нутгийн хөгжлийн сан, Сум хөгжүүлэх сангийн зээлийн эргэн төлөлт орон нутагт ямар байна вэ. Энэ хоёр санг хүмүүс нэг их ялгаж салгахгүй, хольж хутгаад байдаг нь анзаарагддаг?
-Хоёр том сангийн хөрөнгө оруулалтын зарцуулалт тухайн орон нутгийн хөгжилд нөлөөлөхүйц амжилт гаргах ёстой. Ингэх гэж сангийн шугамаар хөрөнгө зарцуулагдаж байгаа гэж ойлгож байна. Гэтэл орон нутаг хөгжүүлэх сан, сум хөгжүүлэх сангийн тухай иргэдэд ямар ч ойлголт алга. Тэр сангийн төсөлд хэн хэрхэн хамрагдаж, ямар үйлдвэрлэл явуулдгийг ойлгодоггүй, мэддэггүй. Тиймээс сангийн зээлд хамрагдсан иргэд эргээд төлж буй эсэхийг ч мэддэггүй. Иргэдэд ямар ч мэдээлэл өгдөггүй учраас хяналтгүй дур зоргоороо авирлаж, эрх мэдэлтэнгүүд зээлийн эргэн төлөлтөд анхаардаггүй…
Ингээд “за хөгжлийн сангаас гаргасан 50 сая төгрөгийн зээлийн эргэн төлөлт, зээл авч хэрэгжүүлсэн гахайны фермийн үйл ажиллагааг очиж үзнэ” гэхээр “гахай нь мялзан өвчнөөр үхчихсэн, эргэн төлөлт байхгүй” гэдэг. Гахай нь үхсэн ч аж ахуйн нэгжид нь очиж харья гэхээр байхгүй гэх. Тэгсэн атлаа тэр төслөөрөө дахиад зээлд хамрагдах гээд хүсэлт өгчихсөн байх жишээтэй. Энэ мэтчилэн 30-40 сая төгрөгийн зээлд хамрагдаж төсөл хэрэгжүүлэгчид байхгүй, олдохгүй талдаа. Суманд 50 сая төгрөгийн зээлд хамрагдаж ажил хийнэ гэдэг маш том хөрөнгө оруулалт. Энэ мөнгө ингээд ямар ч үр дүнгүй алга болж байна.
Гэтэл 2-6 сая төгрөгийн зээлд хамрагдсан иргэд аж ахуйн нэгжүүд нь ажиллаж байна. Талхны, оёдлын цех, хими цэвэрлэгээ, торт үйлдвэрлэл гээд байгуулчихсан хар чадлаараа ажиллаж, зээлээ төлөөд явж байна. Гэхдээ зээлээс зээлийн хооронд. Нэг зээл авч, нөгөө зээлээ төлөх зарчмаар.
Мөнгөөр тоглож байна даа?
-Эндээс харахад ядуу хоосондоо биш, төсөв хүрэхгүй хөгжихгүй байгаа юм биш зүгээр л эрх мэдлээ ашиглаж хэсэг бүлэг хүмүүс төрийн хөрөнгийг эзэнгүйдүүлж, устгаж, завшиж байна. Аль нам эрх барина, тэр намын шугамаар ажилд орж, эрх мэдэлтэй болж, төсөв хөрөнгө зарцуулж, тоглож байна.
Танил талаараа?
-Зарим суманд ах дүүсээрээ сумын удирдлаганд ажиллаж байна. Сумын Засаг даргын Тамгын газар юм уу, хувийн компани юм уу гэж эргэлзмээр…
Тухайлбал?
-Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сум. Сумын Засаг даргын тамгын газраас төрийн харьяалалтай салбаруудад ах дүүсээ л ажилд оруулдаг. Сумын засаг даргын тамгын газар,нийгмийн даатгалын газар… гэх мэт төрийн статустай байгууллагад ах дүүсээрээ ажилладаг… Монгол Улсын засаг захиргааны нэгж гэж хэлэх юм уу, Засаг даргын ах дүүгийн компани гэж нэрлэх юм уу, үнэн асуудалтай… Ихэнх газарт хавтгайрсан даа.
Сангуудаас гадна, аймгийн, сумын Засаг дарга нар бүгдээрээ нөөц хөрөнгөтэй. Нөөц хөрөнгөө захиран зарцуулах эрхтэй байх аа?
-Нөөц хөрөнгийн зарцуулалтад хэлэх ч үг байхгүй. Сумын Засаг даргын нөөц хөрөнгө аймгийн Засаг даргын нөөц хөрөнгө газар нутгийн онцлогоос хамаараад өөр өөр. Тухайлбал, сумын Засаг даргын нөөц хөрөнгө 5 сая байхад, аймгийн Засаг даргын нөөц хөрөнгө 500 сая. Үүнээс гадна, орон нутгийн хөгжлийн сан, сум хөгжүүлэх сангийн зохицуулалт, төлбөр хураамжийг яаж авч байна, дүрэм журам яаж батлагддаг юм. Батлагдсан дүрэм журмыг дээд хуулиндаа яаж захирагддаг юм, төрийн өмчит компаниудын үйл ажиллагаа, худалдан авах ажиллагаа, хүний нөөцийн хангамж… зэргээр 9 төрлийн маягтаар мэдээлэл авч хянасан.
Мөн аймгуудад тус бүр түүврийн аргаар 100 хүн, сумдад 40 хүнд судалгаа хийлээ. Судалгаагаар Төсвийн тухай хуулийг болон орон нутгийн төсөв, хөрөнгийн мэдээлэл, зарцуулалтыг хүмүүс огт мэддэггүй юм байна. Мөн сангуудын талаар ямар ч ойлголт алга, мэдэхгүй учир ялгааг нь огт анзаардаггүй юм байна. Төрийн байгууллагад ажиллаж байгаа төрөл садангийн холбоо бол маш их, засаг захиргааны нэгж, эмнэлэг, хуулийн байгууллага нь иргэдэд үзүүлдэг хүнд сурталаар тэргүүлж байна. Авлигын мэдээлэл авах утсыг иргэд огт мэдэхгүй, авлигын талаар ямар ч сургалт сурталчилгаа, соён гэгээрүүлэх ажил явагддаггүй юм байна.
АТГ-т Соён гэгээрүүлэх газар, хэлтэс ажилладаг. Энэ чиглэлээр маш их хөрөнгө төсөвлөгдөн зарцуулагддаг санагдах юм?
-АТГ-т Соён гэгээрүүлэх гэж олон хүнтэй, өөрсдөө судалгаа хийх төсөвтэй баг ажилладаг. АТГ-аас айдаг, нэрийг нь хэлэхээс хүртэл айж “гурван үсэгтэй газар” гэж нэрлэдгийг ОНЗ-ийн ажлыг авсан өдрөөс мэддэг болсон. Маш их айдаг, гурван үсэгтэй газарт хэлнэ гэхээр үнхэлцэгээ хагартал айдаг байсан бололтой. Харин одоо л иргэд АТГ-т өргөдөл, гомдол өгөхөөр ирдэг, өгдөг, үүдэнд нь ирж лайв хийж мэдээлэл хүргэдэг болоод байгаа нь дэвшил боловч Авлигатай АТГ дангаараа тэмцэхгүйг хүмүүс бүгд мэддэг болсон байна. Манай улсын АТГ бол одоо цагдаагийн ажил л хийж байна.
Гэтэл Польшид гэхэд АТГ нь мөрдөн байцаалтаа хийж, ял төлөвлөж,таслах хүртэл арга хэмжээ авдаг бие даасан байгууллага байдаг юм байна. Манай АТГ-ынхан тэгэхэд мөрдөн байцаах ажиллагаа явуулж, шалгаж тогтоолоо. Яллах ажлыг прокурор, таслах ажлыг шүүх хийж байна. Маш их цаг зарцуулж арай гэж мөрдөн шалгах, тогтоох ажлыг дуусгаад нотлох баримтаар баталгаажуулаад шилжүүлссэн хэрэг аль нэг шатандаа цагаадах нь маш их. Одоо хөөнө хэлэлцэх хугацаагаар суллагддаг болсон, бүүр үр дүнгүй. Цагдаагийн хэмжээтэй ажиллах бол АТГ гэж тусдаа том газар данхайж, бусдыг айлгаж сүрдүүлэхээс өөр юмгүй ажилласан нэртэй байгаад яах юм. Ийм тогтолцоотой байхад яаж авлига арилах юм. Тиймээс тогтолцоо өөрчлөгдөх хүртэл иргэд нэгдэх ёстой. Иргэд нэгдэж авлигатай тэмцэнэ гэдэг маш том хүч юм шүү дээ.
-Иргэдээс гадна хуульчид бас ажиллах ёстой биш үү, нэг л тархай бутархай, том амбицтай хүмүүс харагддаг?
-Өнөөдрийг хүртэл ажиллаж байгаа хуулийн байгууллага, хуулийг хэрэгжүүлж ажилладаг хуульчдын дунд томоохон реформ хийх цаг болсон байна. Нийгэм тэр чигээрээ том хонгил болчихсон энэ үед бүгд хамтарч зүтгэж байж хонгилыг нээж, дардан биш юм гэхэд бартаатай ч гэсэн зөв гольдролд орох замыг сонгох цаг болсон. Ингэж байж авлигын хонгилыг бид устгаж чадна.
Олон нийтийн зөвлөл хуульчдаас бүрддэг нь давуу тал болдог байх?
-Манай ОНЗ-ийн залуучууд жинхэнэ баг болж ажиллаад сурсан хөдөлмөрч залуучууд юм. Нэг санаа, зорилготой гар нийлээд аливаа ажлын ард нь гарч сурсан. Олон нийтийн зөвлөлөөс гаргаж буй өнөөдрийн жим цаашид улам өргөсөж, шударга ёсны, авлигын эсрэг зам болно гэдэгт манай багийн гишүүд итгэдэг учир цаг хайрлахгүй зарцуулан ажиллаж байна. Манай зөвлөлийн гишүүдийн дунд хоёр доктор, дөрвөн магистр ажиллаж байна. Юмыг зөв өнцгөөс харж, ачаалал дааж цаасан дээр сууж сурсан, хуульч мэргэжилтэй, шударга залуусын нэгдэл болсон энэ багийг удирдаж ажиллаж байгаадаа маш баяртай байдаг даа.
Сэтгүүлч Х.Ган-Ялалт

+ There are no comments

Add yours