Хохирогч, хүчирхийлэлд өртөгсдийн ихэнх нь өсвөр насныхан байна

Хүүхэд, залуусыг цахим орчин дахь гэмт хэрэг, зөрчил, эрсдэлт хүчин зүйлээс урьдчилан сэргийлэх, нийгмийн сүлжээний зүй зохистой хэрэглээг бий болгох, эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, төрийн болон төрийн бус байгууллагын хамтын ажиллагааг идэвхжүүлэх зорилгоор “ЗӨВИЙГ ТҮГЭЭЕ” ухуулга нөлөөллийн арга хэмжээг ЦЕГ болон бусад байгууллагууд хамтран хэрэгжүүлж эхэллээ.

Манай улсад нийгмийн сүлжээний идэвхтэй хэрэглэгчид 2017 онд 1.7 сая, 2018 онд 2.1 сая байсан бол 2019 оны хагас жилийн байдлаар ойролцоогоор 2.2 саяд хүрсэн нь сүүлийн гурван жилд дунджаар 17.5 хувиар өссөн байна. Нийгмийн сүлжээний нийт хэрэглэгчдийн 51,7 хувь нь өсвөр насны хүүхэд залуус байгаа /0-20 нас/ бөгөөд тэдний 92 хувь нь зөвхөн фэйсбүүкийн хэрэглэгчид байна.

Өсвөр насныхан цахим орчинд зохисгүй контент үзэх, дэлгэцийн хамааралтай болох, сэтгэл зүйн болон бэлгийн шинжтэй дарамт, хүчирхийлэл, мөлжлөгийн хохирогч болох эрсдэлтэй нүүр тулж байна. Иймд “ЗӨВИЙГ ТҮГЭЭЕ” арга хэмжээний хүрээнд сэрэмжлүүлсэн, мэдээлэн таниулсан, мэдлэг чадвар олгосон төрөл бүрийн контент, мэдээлэл сурталчилгаануудыг хэвлэл мэдээллийн хэрэгслүүд болон сошиал орчноор дамжуулан олон нийтэд хүргэхээс гадна төрийн болон ТББ-тай хамтран их дээд сургууль, ЕБС-уудад өдөрлөг, сургалт хийж, хэлэлцүүлэг зохион байгуулж ажиллахаар болжээ.

+ There are no comments

Add yours