З.Цэрэндорж: Шахмал түлш 10 минут орчим утаа гараад тэрнээс цааш утаагүй болдог

Мөрч
“Тавантолгой түлш” компанийн ажилтнууд өнөөдөр мэдээлэл хийж, “Тавантолгой түлш” компанийн түлшний талаарх буруу ташаа ойлголт олон нийтэд тарааж буйг эсэргүүцэн, тайлбар хийлээ.

Тус компанийн Үйлдвэрлэлийн албаны инженер З.Цэрэндорж “2019 оны есдүгээр сарын 13-наас эхлэн SBN телевизийн сэтгүүлч манай үйлдвэрлэж буй сайжруулсан шахмал түлшийг “Мод шиг асаж байгаа хэрнээ ямар ч илчгүй байна” хэмээн зохион байгуулалттайгаар олон нийтэд ташаа мэдээ түгээж байна. Энэ нь манай байгууллагын 500 гаруй залуусын бүтэн жил нойр хоолгүй хөдөлмөрлөж үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг үгүйсгэж, нэр хүндийг гутааж буй тул албан ёсоор хуулийн байгууллагад хандах болсноо мэдэгдэж байна. Манай түлшийг бүх төрлийн зууханд түлж туршсан бөгөөд тэр хүн ч мөн ирээд түлээд туршиж үзэх боломжтой. Бид ч ийм санал тавьсан. Гэвч ажилтай, завгүй гэсэн тайлбар өгсөн. Та бүхэн ч мөн очоод туршаад, түлж үзэж болно. Энэ бол урд хөрш ган хайлуулах гэж авдаг өндөр илчлэгтэй нүүрс. Мод шиг асаад илчгүй байх ямар ч боломжгүй” гэлээ.

“Тавантолгой түлш” компани одоогоор 200 орчим мянган тонн нүүрс нөөцөлсөн бөгөөд 400 гаруй борлуулах цэг ажиллуулахаар худалдагчидтэй гэрээ байгуулан нийслэлтэй хамтран ажиллаж байгааг мөн хэллээ. “Түүхий нүүрс асах гэж маш удаан уугидаг. Манай нүүрс маш хурдан асаж цогшоод дулаанаа барьдаг. 10 минут орчим утаа гараад тэрнээс цааш утаагүй болдог. Олон удаагийн туршилт хийсэн. Илчлэг хоёр дахин өндөр. Тиймээс Улаанбаатар хотын утааг 50% бууруулахын төлөө ажиллаж байгаа” хэмээн тэрбээр нэмж хэлээд иргэд мөн гэрийнхээ дулаан алдалтыг бууруулах, зуухныхаа битүүмжийг сайжруулах тал дээр анхаарах хэрэгтэйг сануулав.

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээлэл