Иргэний гомдлын дагуу гоо сайхны салонд арга хэмжээ авчээ

Баянгол дүүргийн хоёрдугаар хороонд байрлах иргэн Б-ийн “Salon & Studio” гоо сайхны газарт Нийслэлийн Мэргэжлийн хяналт иргэний гомдлын дагуу шалгалт хийжээ. Шалгалтаар тус газар нь эмчилгээний гоо заслын чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлгүй, арьс гоо заслын мэргэжлийн эмчгүй, орон тооны эмчилгээний гоо заслын сувилагчгүй үйл ажиллагаа явуулж байжээ.

Мөн батга эмчилгээ, эхэсийн тарилга, чих цоолох, хөмсөг шивэх үйлчилгээ үзүүлэхдээ арьс, эмчилгээний гоо заслын стандарт мөрдөөгүй, үйлчилгээ үзүүлсэн үйлчлүүлэгч нарын үзлэгийн бүртгэл хөтлөөгүй, хийсэн үйлчилгээг баримтжуулаагүй, үйлчлүүлэгчийн нэр хаяг болон мөнгө хураасан баримт бичиг байхгүй зэрэг олон зөрчил илэрсэн байна.

Иймд илэрсэн зөрчлийг үндэслэн Зөрчлийн тухай хуулийн 6.7.1 дэх заалтаар шийтгэл ногдуулж, хялбаршуулсан журмаар шийдвэрлэжээ.

+ There are no comments

Add yours