Эрдэнэт үйлдвэрийн ДЦС дотоод хэрэгцээний цахилгаан хангамжийн схемийг шилжүүлэх ажлыг амжилттай гүйцэтгэв

Эрдэнэт үйлдвэрийн ДЦС-ын ажилтнууд станцынхаа дотоод хэрэгцээний цахилгаан хангамжийн схемийг шилжүүлэн холбож ашиглалтад оруулах ажлыг ХАБЭА-ийн болон технологийн зөрчил, аваар сааталгүй амжилттай гүйцэтгэсэн байна. Уг ажил тус станцын  2019 оны  өртөг зардал бууруулах ажлын төлөвлөгөөнд тусгагдсан бөгөөд тоног төхөөрөмжийг худалдан авч зураг төслийн дагуу угсран суурилуулах, тохируулах ажлыг энэ оны 4 дүгээр сараас эхэлжээ. Тэгвэл, эцсийн шилжүүлэн холбож, ашиглалтад оруулах ажлыг станцын цахилгаан техникийн хэсэг, зуух, турбины хэсгийн шуурхай үйлчилгээ-засварын бригад хамт олон, мөн  Цахилгааны цех, Засвар угсралтын цехийн шуурхай үйлчилгээ-засварын бригадын нийт 50 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг өнгөрсөн 8 сарын 30-наас 31-нд шилжих шөнө 12 цагийн турш гүйцэтгэж бүрэн дуусгасан байна.

Цахилгаан хангамжийн схемийг шилжүүлснээр ДЦС-ын үйлдвэрлэлийн технологийн тогтвортой ажиллагаа, осол авааргүй найдвартай ажиллах горим ажиллагаанд эерэг нөлөө үзүүлэх бөгөөд мөн цахилгаан эрчим хүчний өөрийн өртөг, зардал буурах, үүнтэй уялдан станцын  техник, эдийн засгийн  үзүүлэлтүүд дээшлэх ач холбогдолтойг албаны эх сурвалж онцоллоо. Тухайлбал, хуучин схемээр станцын дотоод хэрэгцээний цахилгаан эрчим хүчний хэрэглээг Төвийн Эрчим хүчний нэгдсэн системээс 35 киловольтын /кВ/ агаарын шугамаар цагт 1 кВт/цаг цахилгаан эрчим хүчийг ойролцоогоор 214 төгрөгөөр худалдан авдаг байсныг өөрийн 12 мегаваттын /МВт/ турбин-генераторуудаас гарч байгаа 1кВт/ц цахилгаан эрчим хүчний өөрийн өртөг шингэсэн үнээр буюу ойролцоогоор 125 төгрөгөөр дотоод хэрэгцээгээ хангах нөхцөл бүрдэж байгаа нь ДЦС төдийгүй Эрдэнэт үйлдвэрт өгөх үр ашиг, өгөөж нэмэгдэх боломжтой болжээ.

     Уг ажлыг гүйцэтгэх явцад станцын шуурхай үйлчилгээ-засварын ажилтнууд  хэд хэдэн хариуцлагатай сэлгэн залгалтуудыг батлагдсан хөтөлбөрийн дагуу гүйцэтгэсэн байна. Сэлгэн залгалт болон холболтын ажилд  мэргэжлийн өндөр ур чадвар гарган, амжилттай хамтран ажилласан ДЦС-ын Цахилгаан техникийн хэсгийн  шуурхай ажиллагаа-засварын ИТА, ажилтнууд  болон Цахилгааны цехийн релей хамгаалалтын хэсэг, Шугам сүлжээ дэд станцын хэсэг, Засвар угсралтын цехийн цахилгааны угсралтын бригадын ИТА, ажилтнуудад талархаж буйгаа ДЦС-ын Ерөнхий инженер Д.Дарханбаяр илэрхийллээ.

+ There are no comments

Add yours