Хоёр бөхийн нэг нь Б сорьцоо шинжлүүлэх хүсэлтээ өгчээ

Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд шөвгөрсөн 16 бөхийн хоёроос нь допингийн төрлийн бодис илэрсэн. Хуулийн дагуу сэргээш хэрэглэсэн талаарх мэдээлэл цацагдсанаас хойш ажлын 10 хоногийн дотор хоёр бөх Б сорьцоо шинжлүүлэх хүсэлтээ албан бичгээр өгсөн байх ёстой.

Энэ хугацаа өнгөрсөн баасан гаригт буюу наймдугаар сарын 23-нд дууссан бөгөөд эх сурвалжийн мэдээлж буйгаар хоёр бөхийн нэг нь Б сорьцоо шинжлүүлэхээр хүсэлтээ өгчээ. Харин нөгөө бөх нь өнөөдрийн байдлаар шинжилгээ өгөх хүсэлтээ албан ёсоор өгөөгүй байна.

Хэрэв допинг илэрсэн бөхчүүдийн зүгээс Б сорьцын шинжилгээ хийлгэх хүсэлтээ өгөөгүй бол тухайн бөхийн нэрийг Үндэсний бөхийн салбар хорооноос олон нийтэд зарладаг. Гэвч тус хорооноос ямар нэг тайлбар, мэдээлэл хараахан өгөөгүй байна.

Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Үндэсний их баяр наадмын тухай хууль, Үндэсний бөхийн барилдаан зохион байгуулах журмаар бол допинг хэрэглэсэн нь тогтоогдсон бөхөд олгосон цол, бай шагналыг хураах, хоёр жил хүртэлх хугацаагаар барилдах эрхийг нь хасах гэсэн шийтгэл ногдуулдаг аж.

+ There are no comments

Add yours