Лифтний хонгил руу унаж нас барсан ослын шалтгааныг тодруулахаар шалгаж байна

Тайм констракшн” ХХК-ны захиалгаар “Титан таур констракшн”, “Ти Жи К” ХХК-ниудын Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Удирдлагын академийн хойд талд “Сити молл” цогцолбор барилгын талбайд барьж байсан цогцолбор хотхоны барилгад хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаагүйгээс өчигдөр осол гарсан. Тодруулбал, “Ти Жи К” ХХК-ийн цахилгаанчны туслах ажилтай, эрэгтэй, 17 настай Д нь вагончигаас цаасны хутганы запас авахаар явахдаа 11 давхарын хамгаалалтгүй лифтний хонгил руу унаж нас барсан байна. Осол гарах үед “Сити молл” цогцолбор барилгын дөрөвдүгээр блокийн 16 давхар барилгын угсралтын ажил дуусаж, арваннэгдүгээр давхарт цахилгааны угсралтын ажил явагдаж байжээ. 

Шалгалтын үеэр барилгын дотор лифтний хонгил, агааржуулалтын хоолойн нүх сувагт хаалт хамгаалалт, хашлага хийгдээгүй, хамгаалалтын байгууламжийг хар панериар түр хадаж тогтоосон нь аюулгүйн шаардлага хангахгүй, ажлын байрны эмх цэгцгүй байдал, гэрэлтүүлэггүй, дохио, санамж тэмдэг тэмдэглэгээ байрлуулаагүй, аюулгүй ажиллах зааварчилгаа өгсөн эсэх нь тодорхойгүй байсан байна.
Осол болохоос өмнө НМХГ-аас “Барилгын ажлын аюулгүй байдлыг хангуулах тухай” зөвлөмжийг захиалагч “Тайм констракшн ХХК, “Титан таур констракшн” ХХК-иудад тавдугаар сард өгсөн гэнэ. Мөн зургаадугаар сарын 17-нд “Тайм констракшн” ХХК-д шалгалт хийж, Зөрчлийн тухай хуулийн 11.2 дугаар зүйлийн 1.2 дахь заалт зөрчилд зөрчлийн хэрэг үүсгэж торгууль шийтгэврийн арга хэмжээ авч, хоёр заалттай албан даалгавраар хугацаатай үүрэг өгч, гүйцэтгэлийн хяналт хийж хэрэгжилтийг хангуулан ажиллаж байжээ.
Ослын шалтгаан нөхцөлийг тодруулахаар ХУД-ийн Цагдаагийн I дүгээр хэлтэст Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгааг мэргэжлийн хяналтын газраас мэдээлсэн юм.

+ There are no comments

Add yours