Хамгийн алдартай хоолны дэглэмүүд 1-р хэсэг

Мөрч

Одуудын ихээхэн анхаарлыг татаж байгаа хоолны дэглэм бол ДЮКАН юм. 

Франц эмч болох Пьер Дюканы (Pierre Ducan) зохиосон хоолны дэглэм нь судлаачдын үзэж байгаагаар хамгийн үр дүнтэй жин хасах дэглэмүүдийн нэг бөгөөд  гарсан үр дүнээ насан туршдаа хадгалж үлдэх боломжтой гэнэ. Энэхүү дэглэмийн ачаар олон алдартанууд жингээ хасаж байгаа гэнэ. Тэгвэл өнөөдөр бид энэ дэглэмийн талаар хүргэхээр бэлтгэлээ.

Дюканы дэглэм гэж юу вэ?

Дюканы дэглэм гэдэг нь системчлэсэн аргаар жин хасаж, түүнийгээ тогтоох явдал юм. Дэглэмийн үндсэн хоолны жоронд 100 гаруй төрлийн хүнс хэрэглэж болох бөгөөд эдгээрийн 72 хувь нь уургийн гаралтай бүтээгдэхүүн байна. Харин үлдсэн 28 хувь нь нэмэлт хүнсний ногоо, амтлагч гэх мэт зүйлс багтана.

Илүүдэл жингээ хялбар, үр дүнтэй хасахын  тулд 4 үе шатыг давж гарах хэрэгтэй бөгөөд эхний 2 үе шат нь жин хасах, дараагийн 2 үе шат нь хаясан жингээ эргэн нэмэхгүй байх зорилготой юм.

Мөн дараах ерөнхий зарчмуудыг баримтлах шаардлагатай.

Ерөнхий зарчим:

  • Өдөр 2 л-ээс багагүй ус уух \цай, хар кофе\
  • Хоолондоо тос болон майонез хэрэглэхгүй байх
  • Давсны хэрэглээгээ багасгах
  • Өдөрт овъёосны хивэг хэрэглэх
  • Дасгал хийх \энгийн дасгал, явган алхах\

Ингээд 4 үе шатыг нэг нэгээр нь танилцуулъя.

Дюканы дэглэм гэж юу вэ?

2. 1-р шат:  Дайрах үе шат

72 төрлийн уураглаг хүнснээс хэрэглэх бөгөөд үүний ачаар бие махбодь өөхөө эрчимтэй шатааж, харин уураг нь булчингийн болон ясны уургийг хадгалахад тус болох болно.

Энэ үед бие бага зэрэг тавгүйрэх магадлалтай ч энэ нь өөхөн давхарганд нөлөөлж байна гэсэн үг юм. Тиймээс ийм үед тодорхой цаг хугацааг мөрдөх хэрэгтэй.

Таны илүүдэл жингээс хамаарч энэхүү хугацааг тодорхойлно.

  • Илүүдэл жин  20 кг хүртэл – 3-5 хоног
  • Илүүдэл жин 20-30 кг – 5-7 хоног
  • Илүүдэл жин 30 кг-аас дээш – 5-10 хоног байх болно.

72 төрлийн уураглаг хүнсэнд бүх төрлийн мах, загас, далайн гаралтай бүтээгдэхүүн, 0%-ийн тослогтой сүү сүүн бүтээгдэхүүн багтана. Жишээлбэл: Үхрийн мах, адууны мах, туулайн мах, үхэр болон шувууны элэг, үхэр болон хонины хэл, бүх төрлийн загас, сам хорхой, хавч, хясаа, дун, түрс, далайн байцаа гэх мэт далайн гаралтай бүтээгдэхүүн, галуу болон нугаснаас бусад шувууны мах, 2-4%-ийн тослогтой гахайн мах, өндөг, тослоггүй сүү сүүн бүтээгдэхүүн, ус, 0%-ийн илчлэгтэй ундаа, ургамлын гаралтай цай, кофе, дүпү, овъёосны хивэг гэх мэт.

Эдгээр хүнснийг нэгдүгээр үе шатанд хэрэглэх хэрэгтэй бөгөөд өдөрт 1.5 хоолны халбага овъёосны хивэг болон 1.5 литр ус уух шаардлагатай.

1-р шат:  Дайрах үе шат

3. 2-р үе шат: Ээлжлэх үе шат

Энэхүү шатанд үндсэн 72 уураглаг бүтээгдэхүүн дээрээ 28 төрлийн хүнсний ногоо буюу бусад амтлагчуудыг хэрэглэнэ.  Энэ үе шатны гол зорилго нь нэгдүгээр үе шатанд хассан жингээ нэмэхгүй байх явдал юм. 28 төрлийн нэмэлтэнд тослоггүй хуурай сүү, сахар орлуулагч, уксус, буурцагны сүмс, улаан лоолийн шүүс, гоньд, сармис, ногоон ургамал, өргөст хэмх, сонгино, нимбэгийг амтлагч болгож хэрэглэх, давс бага хэмжээгээр, гич, сахаргүй кетчуп, цагаан гаа, исгэгч мөн сахаргүй бохь, 0 хувийн илчлэгтэй желатин, ванилин, өдөрт 4ш хатуу чихэр зэрэг багтана.

Хэрвээ та нэгдүгээр үе шатанд 1 кг хассан бол таны ээлжлэх үе шат нь 10 хоног байна. Харин нэгдүгээр үе шатанд 3 кг хассан бол ээлжлэх үе шат нь 30 хоног байна.

Ээлжлэх хувилбар:

  • 1 дэхь өдөр нь уургийн өдөр бөгөөд дараагийн өдөр нь хүнсний ногоо болон уураг хэрэглэнэ.
  • 3 өдөр уургийн өдөр байвал дараагийн 3 өдөр нь хүнсний ногоо болон уураг хэрэглэнэ.
  • 5 өдөр уургийн өдөр байвал дараагийн 5 өдөр нь хүнсний ногоо болон уураг хэрэглэнэ.

Хүнсний ногоог хүссэн хэмжээгээрээ, өөрийн хүссэнээр боловсруулж хэрэглэх боломжтой. Мөн үүнээс гадна өдөрт 1.5 халбага овъёосны хивэг болон 1.5 литр ус уух хэрэгтэй.

Үүнээс гадна: 6%-ийн тослогтой сыр, 1 цайны халбага какао, кетчуп, амтлагч, 2 зүсэм талх, 50 гр дарс хэрэглэж болно.

2-р үе шат: Ээлжлэх үе шат

4. 3-р үе шат: Тогтоох үе шат

Энэ үед таны хассан жинг тогтоох бөгөөд хэвийн хооллолтондоо бага багаар шилжих зорилготой байх болно. Өөрийн дуртай хүнсийг бага багаар нэмэх явдал юм.

Хоёрдугаар үе шаттай адилхан,  1 кг хассан байвал 10 хоног тогтоох үе шатыг барина гэсэн үг.

Гуравдугаар үе шатны дүрэм:

  • Долоо хоногийн турш нэг өдөр нь зөвхөн уургийн өдөр байх ёстой.
  • Өдөрт 2.5 хоолны халбага овъёосны хивэг хэрэглэнэ.
  • Өдөрт багадаа 1.5 литр ус ууна.
  • Өдөр бүр жимс идэх.

Төмс, цагаан будаа, эрдэнэ шиш, вандуй, шош гэх мэт цардуул агуулсан бүтээгдэхүүнийг долоо хоногт 2 удаа хэрэглэж болно.

Долоо хоногт хоёр удаа хүссэн зүйлээ идэх боломжтой бөгөөд хамгийн гол нь аль нэг хоолныхоо өмнө хэрэглэнэ.

3-р үе шат: Тогтоох үе шат

5. 4-р үе шат:  Хүссэн жингээ амьдралынхаа туршид тогтоох үе шат

Хамгийн сүүлийн чухал үе шат нь  үндсэн 4 зарчимтай.

  1. Өдөрт 3 хоолны халбага овъёосны хивэг идэх
  2. Өдөрт хамгийн багадаа 1.5 литр ус уух
  3. Явган алхах
  4. Долоо хоногт нэг удаа уургийн өдөр хийх

Дээрх дүрмийг баримталснаар та амьдралынхаа бүхий л хугацаанд жин нэмэхгүй байж чадна.

Хэрхэн дэглэмийнхээ цэсийг зохиох вэ?

Хэрэглэх зөвшөөрөлтэй уураглаг бүтээгдэхүүн болон хүнсний ногооноос өөрийн дуртайгаараа сонголт хийж хэрэглэнэ. Маш олон төрлийн бүтээгдэхүүн хэрэглэх боломжтой учир та өөрийн хүссэнээр амтат хоол хийж, өдөр бүр өөр зүйл идэх болно.

4-р үе шат:  Хүссэн жингээ амьдралынхаа туршид тогтоох үе шат

6.Дүгнэлт:

Дюканы дэглэм нь жин хасахаас гадна бүхий л амьдралынхаа туршид жин нэмэхгүй байх боломжтой арга юм. Үүнээс гадна хэрэглэж болох бүтээгдэхүүний сонголт элбэг.

Хэдийгээр долоо хоногт 3-6 кг хасах боломжтой ч хүн бүрт тохирохгүй учир эмчтэй зөвлөлдөх хэрэгтэй. Ялангуяа нэгдүгээр үе шат нь маш хүнд байдгийг анхаарах хэрэгтэй бөгөөд энэ үе шатыг зөвхөн өөрийнхөө төлөө таныг даван туулж чадна гэдэгт итгэлтэй байна. Танд амжилт хүсье!

Дүгнэлт:

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээлэл