Мөндрийн уршгаар 2,500 гаруй га талбайгаас ургац хураах боломжгүй болжээ

Улсын онцгой комиссын өргөтгөсөн хурал Төрийн ордонд болж байна. Тус хуралд Засгийн газрын гишүүд болон 21 аймгийн Засаг дарга нар оролцож байгаа юм.

Газар тариалангийн нөхцөл байдлын талаар ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан мэдээлэл өглөө.

Тэрбээр “2019 онд Улсын хэмжээнд 502 мянган га-д үр тариалалт хийсэн. Энэ оны зургаадугаар сар бүхэлдээ халуун хуурай байж байгаад зургаадугаар сарын 25-наас зарим нутгаар долоодугаар сарын 4-нөөс бороо орж эхэлсэн нь буудайн өсөлт, хөгжилд нөлөөлж, бутлалт буурах, товчин түрүү үүсэх хүчин зүйлийг нөхцөлдүүлсэн.

Энэ зуны хувьд үе үе хүчтэй орсон мөндрийн уршгаар Хөвсгөл, Хэнтий, Сүхбаатар аймгийн 2,500 гаруй га талбайгаас ургац хураах боломжгүй болсон байна.

Долоодугаар сарын 20-ноос эхлэн үргэлжлэн орж буй борооны улмаас тариалангийн талбайн хог ургамал нэмэгдэж, ургац хураалтад хүндрэл учруулж болзошгүй нөхцөлийг бүрдүүллээ.

Одоогийн төлөв байдлаас урьдчилан харахад Хөвсгөл, Булган, Орхон, Архангай, Сэлэнгэ аймгийн зарим бүс нутгаар ургац хураалт олон жилийн дундаж буюу хэвийн байх боломжтой харагдаж байна. Харин Төв, Хэнтий, Дархан-Уул, Өвөрхангай, Увс, Сэлэнгэ аймгийн зарим сумдад ургац бага байх төлөв ажиглагдаж байна” гэлээ.

Наймдугаар сарын 25-н гэхэд ургацын урьдчилсан төлөв гарах юм байна.

Улсын онцгой комиссын өргөтгөсөн хурлыг ЭНД дарж үзнэ үү.

+ There are no comments

Add yours