Хошууч генерал А.Ганбат ОХУ-д албан ёсны айлчлал хийж байна

ОХУ-ын ЗХЖШ-ын дарга, Батлан хамгаалахын нэгдүгээр орлогч сайд, армийн генерал В.В.Герасимовын урилгаар Монгол Улсын ЗХЖШ-ын дарга, хошууч генерал А.Ганбат ОХУ-д айлчлан энэ сарын 16-ны өдөр ОХУ-ын Батлан хамгаалах яаманд албан ёсны уулзалт хийлээ.

Түүнийг дагалдан Монгол Улсын Батлан хамгаалах яамны Гадаад хамтын ажиллагааны газрын зөвлөх, хурандаа Г.Лүндэн, ҮБХИС-ийн Тэргүүн дэд захирал, хурандаа Д.Баасандамба, Монгол Улсаас ОХУ-д суугаа Батлан хамгаалахын атташе, бригадын генерал Г.Энхбаатар, дэд хурандаа Г.Одбаяр нар байлцлаа.

Уулзалтын эхэнд хоёр улсын зэвсэгт хүчний хамтын ажиллагаа амжилттай хөгжсөөр байгаад сэтгэл ханамжтай байгааг хоёр тал дурьдаад, цаашид хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд санал нэгтэй байгаагаа онцолсон юм.
Тодруулбал Монгол Улсын ЗХЖШ-ын дарга, хошууч генерал А.Ганбат хэлсэн үгэндээ: “ОХУ, Монгол Улсын хооронд байгуулсан цэрэг техникийн хамтын ажиллагааны хүрээнд манай улсын зэвсэгт хүчинд тодорхой хэмжээний зэвсэг техник нийлүүлдэг. Мөн Монгол Улсын цэргийн алба хаагчдыг ОХУ-ын Батлан хамгаалах яамны цэргийн академи, их дээд сургуулиудад хөнгөлөлттэй нөхцлөөр болон буцалтгүй тусламжийн журмаар сурган бэлтгэж ирсэнд талархаж байна” гэдгээ илэрхийлсэн.
Түүнчлэн Монгол Улсын зэвсэгт хүчний зэвсэглэл техникийг шинэчлэн сайжруулахад шаардлагатай байгаа асуудлуудын талаар болон Монголын цэргийн алба хаагчдыг үргэлжлүүлэн суралцуулах, Монгол Улсын зэвсэгт хүчин, ОХУ-ын Дорнодын цэргийн тойргийн хамтын ажиллагааг улам өргөжүүлэх зэрэг асуудлаар харилцан ярилцсан бөгөөд дэмжиж ажиллахаар тохиролцов. Уулзалтын төгсгөлд ОХУ-ын ЗХЖШ-ын дарга, армийн генерал В.В.Герасимовыг тааламжтай цагтаа Монгол Улсад айлчлахыг хүндэтгэн урилаа.
Тийнхүү ЗХЖШ-ын дарга, хошууч генерал А.Ганбатын ОХУ-д хийсэн албан ёсны айлчлал энэ сарын 17-ны өдөр Москва хотноо болох Олон Улсын цэргийн наадмын хаалтын арга хэмжээнд оролцсоноор өндөрлөх юм.
Эх сурвалж: “ДУУЛГА”студи. 2019.08.16 Москва.

+ There are no comments

Add yours