Ээлжит татаар ажиллагааны золиос боловсрол гэж үү…

Мөрчмөрч

 

Сонгууль болохоор амь орж, болсон болоогүй амлалт, элдэв халамжаар иргэдээ тойголдог монголын улс төрийн намуудын сурсан зан боловсорлыг түшиглэсэн бойкотоор үргэлжилж буйг зарлав. Энэ бол өчигдрийн Засгийн газрын хуралдааны дараа Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.Баатарбилэгийн хийсэн мэдэгдлээс харагдаж буй юм. Боловсорлын сайдын “Боловсролын зээлийн сангаас зээл авсан 13.000 оюутны зээлийг чөлөөлнө” гэсэн. Зээлийн нийт дүн нь 16 тэрбум төгрөг. Учир нь боловсролын сангаас зээл авч суралцаад зээлээ төлөөгүй 13.000 оюутны диплом өнөөдрийг хүртэл тус санд хадгалагдаж байгаа аж.

Ингэснээр 2020 онд болох УИХ-ын сонгуулиар иргэдийн саналыг авах эрх баригч намын ээлжит бялуу тодорсон нь энэ. Өмнө нь Төрийн сангийн зээлээр суралцаад голч оноо өндөр төгссөн оюутныг зээлээс бүрэн чөлөөлдөг, мөн мэргэжлээрээ таван жил (мэдээж төрийн болон төсвийн байгууллагад) ажилласан бол зээлээс чөлөөлж байсан ч 2008 онд шинэ журам гарч, уг боломж алга болсон тухай Боловсролын сайт онцолж байх юм. Ийм учраас гэрээнд заагдсан үүргээ биелүүлж нийгмийн даатгалаа төлж байгаа иргэдийн зээлийг бүрэн чөлөөлж, дипломыг нь олгохоор болсон гэнэ. Ингэхдээ мэдээж, УИХ-аас шийдвэр гаргуулах шаардлагатай аж…

Их л сийрэг толгойтой менежерийн ээлжит ажиллагаа их ангалдаа тэлчилсэн МАН намын иргэдийн дунд унасан нэр хүндээ сэргээх ээлжит зууш нь болсон нь энэ. Дөрвөн жилд нэг удаа иргэддээ үмхүүлдэг молиго, энэ удаа монголчуудын боловсролыг бойколж, нэр хүндээ өсгөх, сонгуулийн саналыг өөртөө авах татаар ажиллагааны нэг болсон нь энэ.

Бас нэгэн сонирхолтой зүйл бол Боловсролын сангаас зээл авч суралцаад төгссөн иргэн хаана ч, ямар ч ажил хийсэн (бизнесийн байгууллагад ч ажиллаж байсан ч ялгаагүй) хамаагүй, нийгмийн даатгал төлж байгаа л бол зээлээс чөлөөлөх боломжтой гэсэн үг юм. Нэгэнт ингэж зээлээс чөлөөлж болох юм чинь нийгмийн даатгал төлж байгаа хүн бүрийг бүх зээлээс чөлөөлж болохоор гаргалгаа гарч ирж байгаа. Цалингийн зээл, ипотекийн зээл, урт, богино хугацааны лизинг аваагүй хувь хүн, айл өрх Монголд лав байхгүй.  Тиймээс хэрвээ нийгмийн даатгал төлж байгаа нь зээлээс чөлөөлөх үндэслэл болдог бол тэднийг ч гэсэн чөлөөлөхөд буруудах газаргүй юм.

Харин Боловсролын сангаас зээл авч суралцсан хүн үүнийг өөрийнхөө ирээдүйд хийсэн хөрөнгө оруулалт гэж үзээд хууль, журмынх нь дагуу эргүүлэн төлөх нь иргэний, бас ёс суртахууны үүрэг. Тэр тусмаа зээл авсан иргэдийн зээлийн үлдэгдэл 500.000-1000.000 төгрөгийн хооронд байхад тэр дайны мөнгийг эргүүлээд төлчих ухамсар хувь хүнд байх ёстойгоос гадна дундаж ажлын байрны нэг сарын л цалин юм. Олсон мэргэжил, боловсролоороо ашиг орлого, амьдралаа авч яваагийн  учир боловсролын санд эргүүлэн төлсөнөөр дараа, дараагийн үеийнхний боловсрол олох, мэргэжил эзэмших боломж болж очих ёстой энэ төлбөрийг аль нэг эрх барьж байгаа намын татаас бүхий гишүүн, Боловсролын сайд монголчуудын боловсролд санаа тавьж буй мэт дүр үзүүлэн улс төрийн шоундаа ашиглах нь арай л хэтийдсэн зүйл юм. Ганцаас газар дүүргэж, сургалтын төлбөрийн сая төгрөгийн үлдэгдэл нэгдсээр 16 тэрбум төгрөг болсон байхад, энэ мэтчилэн байдлаар цацаж, үрэх нь хэр ухаалаг үйлдэл, ямархуу ёс зүйн хэм хэмжээ болохыг мэдэгдэл гаргасан  Боловсролын сайд мэдэж байгаа болов уу?

 

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээлэл