Иргэдийн саналыг харгалзан замын бүсчлэлийн асуудлыг түр хугацаагаар хойшлууллаа

Улаанбаатар хотын замын хөдөлгөөний хэт их ачааллыг бууруулах ажлын хүрээнд автозамыг А, В, С бүсчлэлд хуваахаар төлөвлөж байсан. Гэвч бүсчлэлд хуваах талаар санал асуулгад оролцсон иргэдийн 64 нь дэмжихгүй, 36 нь дэмжсэн санал өгсөн тул иргэдийн саналыг харгалзан замын бүсчлэлийн асуудлыг түр хугацаагаар хойшлуулсан талаар Замын хөдөлгөөн төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газраас мэдээлсэн. Тэгвэл өнөөдөр уг асуудлаар холбогдох газраас мэдээлэл хийлээ.

Энэ үеэр нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх “Энэхүү бүсчлэл нь ямар нэгэн торгууль ногдуулах, татвар нэмэх тухай асуудал биш байсан. Замын хөдөлгөөний дүрмийн зөрчлийн торгуулиа барагдуулаагүй, автомашинаа тээврийн хэрэгслийн хяналтын улсын үзлэгт хуваарийн дагуу оруулаагүй, эсвэл тэнцээгүй жолооч нар А, В бүсэд нэвтрэхгүй байх тухай зохицуулалт байсан. Өнөөдөр нийт авто машин эзэмшигчийн 72 хувь нь татвараа төлөөгүй, оношилгоонд хамрагдаагүй байна. Эдгээр иргэдийг хуулиа биелүүлээсэй л гэж энэ зохицуулалтыг хийх гэж байсан. Хэрэв А, B, С бүсчлэлд хуваасан бол иргэд хуулиа биелүүлэх байсан” гэв.

Мөн тэрбээр, нийтийн тээврээ сайжруулсны дараа дахин энэхүү зохицуулалтын тухай ярина гэдгийг нэмж хэлэв. Түүний хэлснээр одоогоор Монгол Улсад 1200 нийтийн тээвэр байгаа юм байна. Түүний 90 хувь нь ирэх онуудад ашиглалтаас гарах аж. Ингэснээр тэр хэмжээний нийтийн тээврийг шинэчлэх шаардлагатай байгаа юм байна. Энэ хүрээнд олон хувилбарт нийтийн тээврийн үйлчилгээнд шилжих гэнэ. Одоогоор “Sky way”, “Cable car”,  тээврийн хэрэгслийг нэвтрүүлэхээр ажиллаж байгаа юм байна.

Энэ үеэр Тээврийн цагдаагийн албанаас долоодугаар сарын статистик мэдээллийг танилцуулав. Энэ хугацаанд 41 мянган зам тээврийн ослын дуудлага тус газар очсон байна. Зам тээврийн ослын улмаас 307 иргэн нас баржээ. Үүний 81 хувь нь буюу 236 нь орон нутгийн замд аж. Тэгвэл мөн хугацаанд 441 хүүхэд зам тээврийн осолд өртсөн байна.

Зам тээврийн ослын шалтгаан нь хурд хэтрүүлэхтэй холбоотой гэнэ. Тээврийн цагдаагийн албанаас “Яараад яах вэ” аян өрнүүлж зуны турш 35 мянган хурд хэтрүүлсэн зөрчил илрүүлжээ. Гэсэн ч хурд хэтрүүлэх зөрчил буурахгүй. Түүнээс шалтгаалсан осол буурахгүй байгаа гэнэ.

+ There are no comments

Add yours