Ходоодны дуран өвчин тарааж байгааг мэргэжилтнүүд анхааруулжээ

Дэлхий даяар ходоодны өвчин эмгэгийг дурангаар оношилж, эмчилдэг болоод байгаа.

Гэвч хэрэглэх бүртээ ариутгаад олон дахин ашигладаг энэхүү багаж нь эрүүл хүмүүст бактер тарааж байгааг мэргэжилтнүүд тогтоосон байна. Хэчнээн зааврын дагуу ариутгасан ч дуранд наалдсан бактер арилдаггүйг тогтоожээ.

Үүний улмаас 2012 оноос хойш АНУ, Европ даяар олон зуун хүн халдвар авч, зарим нь амиа алдсан байна. Хамгийн аюултай нь гүйцэд ариутгагддаггүй дуран нь антибиотикт тэсвэртэй, эмчлэх боломжгүй бактерыг тараах чадвартайг туршилтаар тогтоожээ.

Уг асуудлыг анх сөхсөн анагаах ухааны мэргэжилтнүүд АНУ-ын Эм, Хүнсний Хэрэг Эрхлэх Газарт (FDA) хандаж, ходоодны дуран үйлдвэрлэгчдэд бүтээгдэхүүнээ сайжруулахыг шаардах, эсвэл ходоодны дурангийн эмчилгээг хориглохыг уриалсан байна.

“Халдвар тараах боломж нь маш их, маргаангүй батлагдсан тул яаралтай арга хэмжээ авах хэрэгтэй” гэж Умард Каролинагийн их сургуулийн халдварт өвчнийг хянах төслийн захирал Уилльям Рутала ярьжээ.

FDA байгууллагын шаардлагаар үйлдвэрлэгчид нь туршилт явуулахад ходоодны дурангийн 20 ширхэг тутмын нэг нь хангалттай цэвэрлэсний дараа ч бактер хадгалсан хэвээр байсан гэнэ.

Ходоодны дуран бол үзүүртээ камертай урт уян хоолой бөгөөд өвчтний амаар оруулж, ходоод гэдсийг үзэж оношилж, эмчлэхэд хэрэглэдэг.

Өнөөдөр дотор эрхтний олон төрлийн хагалгааг дурангаар гүйцэтгэж байгаа. АНУ-д жил бүр хагас саяас дээш тооны хагалгааг мэс хэрэглэлгүй, дурангаар гүйцэтгэдэг болжээ.

АНУ-ын зах зээлд ходоодны дуранг гол үйлдвэрлэгчид нь Olympus Medical Systems, Pentax of America, Fujifilm Medical Systems компаниуд юм.

Халдвар тараасан тохиолдол илрэх хүртэл FDA үйлдвэрлэгчдээс дуранг цэвэрлэж, ариутгах чадварын талаар мэдээлэл шаарддаггүй байв.

 

Эх сурвалж: New York Times

+ There are no comments

Add yours