Монголын 5 сурагч тутмын 1 нь илүүдэл жинтэй

Мөрч

 

Японд тарган хүнийг даргаар томилдоггүй гэнэ. Учир нь өөртөө анхаарал тавьж чадаагүй хүн бусдыг, байгууллагыг цаашлаад эх орондоо ихийг хийж бүтээж чадахгүй хэмээн үздэг аж. Харин Монголд эсрэгээрээ. Цүдгэр гэдэстэй, түнтгэр хүн бүр дарга хийдэг гэхэд хилсдэхгүй биз. Илүүдэл жин буюу таргалалт бол өвчний үндэс суурь. Үүнийг ч өнөөх бүдүүн дарга нараар жишээ болгон дүгнэж болохуйц.

Шуналдаа хөтлөгдөж, идэж ууж шамшигдуулсан дарга нар хэцүү нэртийнд хэд хоноод удалгүй өвчин нь сэдэрч, эмнэлгийн бараа харах нь элбэг. Тэдэнд зонхилох өвчин нь чихрийн шижин болон зүрх. Тэгвэл дарга нарын өвчин жирийн иргэдэд төдийгүй хүүхдүүдийн дунд огцом нэмэгдсэн нь эмч нарын сэтгэлийг түгшээх болжээ.

Дэлхий дахинаа “Чимээгүй тахал” хэмээгддэг таргалалт нь хооллолтын уламжлалт хэв маяг өөрчлөгдөж, хаанаас ч худалдан авах боломжтой, хямд үнэтэй, илчлэг ихтэй, тос давс, чихрийн агууламж өндөртэй, тэжээллэг чанар багатай хүнс хэрэглэснээс үүдэлтэй аж.

Мөн хүн амын дунд хөдөлгөөн багатай, суугаа амьдралын хэв маяг давамгайлах болсонтой шууд холбоотой гэдгийг эмч нар хэлж байгаа юм. Илүүдэл жинтэй хүний цусны даралт ихсдэг, зүрхний өвчин, харвалт, чихрийн шижин, зарим төрлийн хавдараар өвчлөх эрсдэлтэй байдаг аж.

Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв нь НҮБ-ын Хүүхдийн сангийн санхүү, техникийн дэмжлэгтэйгээр “Монгол Улсын Хүн амын хоол тэжээлийн байдал” үндэсний V судалгааг 2016-2017 онд хийсэн байдаг. Судалгаагаар Монгол Улсын 15-49 насны эрэгтэйчүүдийн 49 хувь, эмэгтэйчүүдийн 46 хувь нь илүүдэл жинтэй хэмээн тогтоогджээ. Мөн таргалалтын тархалт сургуулийн бага ангийн хүүхдүүдийн дунд 2010 оны хоол тэжээлийн үндэсний IV судалгааны дүнгээр 4.3 хувь байсан бол 28.6 болж эрс нэмэгдсэн байна.

Өөрөөр хэлбэл, манай улсын 6-11 насны 5 хүүхэд тутмын нэг нь илүүдэл жинтэй гэсэн үг. Тэр дундаа Улаанбаатар хотын сурагчдын таргалалт хамгийн өндөр хувьтай гарчээ.

Түүнчлэн манай улсын 5 хүртлэх насны хүүхдийн 11.7 хувь нь мөн “булцгар” гэсэн судалгаа гарчээ. Товчхондоо таргалалт бага наснаас эхлэн нийт хүн амын дунд түгээмэл байгаа нь аюулын  дохио хангинуулж байна.

Иймээс аль болох дасгал хөдөлгөөн хийж, түргэн хоол хүнснээс татгалзахын эмч нар анхааруулж байна.

 

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээлэл