Даншигт явсан айлуудын гэр үерт урсжээ

Мөрч
Увс аймгийн Улаангом сумын наймдугаар багийн “Бор үзүүр” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 5 км-т/ энэ сарын 25-ны өдрийн 18:00 цагт түр зуурын усархаг бороо оржээ. Үерийн улмаас гурван айлын гэр усанд автсан тухай дуудлагыг долдугаар сарын 25-ны өдрийн 21:50 цагт тус аймгийн онцгой байдлын алба хүлээн авсан байна.

Увс аймгийн Онцгой байдлын газрын 5 алба хаагч, Гал түймэр унтраах, аврах 41 дүгээр ангийн 7 алба хаагч, нийт 12 алба хаагч, 2 автомашинтай ажиллаж, тус сумын харьяат Н, Н, Д нарын 8 ханатай 3 гэр, 6 ханатай 1 гэрийг эд хогшлын хамт аюулгүй газарт нүүлгэн шилжүүлжээ. Мөн Хөвсгөл аймгийн Рашаант сумын 5 дугаар багийн “Ширгүү” гэдэг газар /сумын төвөөс баруун зүгт 42 км-т, аймгийн төвөөс зүүн урд зүгт 196 км-т/ малчин Д-гийнх гэр бүлээрээ “Даншиг” наадам үзэхээр аймгийн төв рүү явсан байна.

Энэ үеэр буюу долдугаар сарын 25-ны өдрийн 13:00 цагт орсон түр зуурын усархаг борооны улмаас 5 ханатай гэр, эд хогшил нь үерийн усанд урссан тухай мэдээллийг тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга Б.Саранцэцэг аймгийн Онцгой байдлын газарт долдугаар сарын 26-ны өдрийн 00:44 цагт мэдээлжээ.

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээлэл