Үндсэн хуульд оруулахаар хэлэлцэж буй онцлох 12 заалт

Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хэлэлцүүлгийг ирэх наймдугаар сарын 09-ний өдөр хүртэл хойшлуулсан. Тэгвэл тус төсөлд ямар өөрчлөлтүүд орохоор хэлэлцэгдэж буй ОНЦЛОХ заалтуудыг танилцуулж байна.

  1. УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг “Ерөнхийлөгчөөр 50 нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно” гэж өөрчлөх гэсэн зарчмын зөрүүтэй санал гаргасныг дэмжсэн.
  2. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын гишүүдийн тоог 108 болгож, намуудын байрын хураах санал оруулж ирсэн. Мөн гишүүдийн бүрэн эрхийн хугацааг таван жил болгох санал өргөн барьжээ.
  3. УИХ сайд нарыг нэг бүрчлэн хэлэлцэж томилох эрхээсээ татгалзана.
  4. Улсын Их Хурлын анхдугаар чуулганы хуралдаан эхэлснээс 45 хоногийн дотор, Ерөнхий сайдыг шинээр томилох нөхцөл үүссэн өдрөөс хойш 30 хоногийн дотор Ерөнхий сайдыг томилоогүй бол Улсын Их Хурлыг Ерөнхийлөгч тараана.
  5. 2020 оны долдугаар сарын 01-ний өдрөөс өмнө томилогдсон Улсын дээд шүүхийн шүүгчийн бүрэн эрхийн хугацаа нь Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 12 жил байна.
  6. Засгийн газрын бүрэлдэхүүнээ тогтоох, гишүүдийг томилох, чөлөөлөх эрхийг Ерөнхий сайдад олгоно. Учир нь Ерөнхий сайд Засгийн газрын гишүүнд нэр дэвшүүлэх эрхтэй, гэхдээ Засгийн газрын гишүүнийг томилох эрхгүй байдаг. Энэ нь Ерөнхий сайдын кабинетийн төлөө хариуцлага хүлээхгүй болгож байгаа гэж төсөл санаачлагдчид үзжээ. Иймд Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд “Ерөнхий сайд Засгийн газрын гишүүнийг томилсон, чөлөөлсөн, огцруулсан шийдвэрийг Ерөнхийлөгч болон Улсын Их Хуралд танилцуулснаас хойш Ерөнхийлөгч 72 цагийн дотор уг шийдвэрийг батламжилна” гэж тусгажээ.
  7. Төсөлд Ерөнхийлөгчийн хууль санаачлах эрх, Засгийн газарт чиглэл өгсөн зарлиг гаргах эрхийг тус тус хүчингүй болсонд тооцохоор тусгасан болно. Мөн “Улсын Их Хурал бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж нийт гишүүний гуравны хоёроос доошгүй нь үзсэн, Улсын Их Хурлын анхдугаар чуулган хуралдсанаас хойш 30 хоног, эсхүл Ерөнхий сайдын бүрэн эрх дуусгавар болсноос хойш 21 хоногийн дотор Ерөнхий сайдыг томилох асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж чадаагүй бол Ерөнхийлөгч Улсын Их Хурлыг тараах шийдвэр гаргана. Ийнхүү тарах шийдвэр гаргасан бол шинэ сонгогдсон гишүүдээ тангараг өргөтөл Улсын Их Хурал бүрэн эрхээ эдэлнэ.
  8. 35 нас хүрсэн иргэнийг Улсын дээд шүүхийн шүүгчээр томилохоор байсныг 40 нас, 25 нас хүрсэн иргэнийг бусад шүүхийн шүүгчээр томилж болохоор байсныг гучин нас болгон өөрчилжээ.
  9. Улсын төсвийг хэлэлцэн батлахдаа Засгийн газрын зөвшөөрөлгүйгээр зардлын шинэ төрөл үүсгэх, зарлага нэмэгдүүлэхийг хориглов.
  10. Засгийн газрын тав хүртэлх гишүүн УИХ-ын гишүүнээр хавсран ажиллаж болно.
  11. Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг есөн жилийн хугацаатай нэг удаа томилох, дахин томилохыг хориглохоор өөрчлөв.
  12. Улсын болон орон нутгийн харьяалалтай хот, тосгоны эрх зүйн үндэс, тэдгээрийн өөрийн удирдлагын болон засаг захиргааны зохион байгуулалтын зарчмыг хуулиар тогтооно. Өөрөөр хэлбэл,  Дархан, Эрдэнэт зэрэг томоохон хот улсын чанартай хот болж аймгуудын төв орон нутгийн хотын статустай болно гэсэн үг.

+ There are no comments

Add yours