Монгол Улсын хүн амын ядуурлын түвшин 2018 онд 28.4 хувь болов

Үндэсний статистикийн хороо, Дэлхийн банктай хамтран хийсэн ядуурлын түвшний тооцоог баасан гарагт танилцууллаа. Өрхийн нийгэм, эдийн засгийн судалгааны дүнд үндэслэсэн, “Ядуурлын дүр төрх-2018” судалгаагаар Монгол Улсын хүн амын ядуурлын түвшин 2018 онд 28.4 хувь болсон дүн гарчээ. Үндэсний статистикийн хорооны дарга А.Ариунзаяа “Монгол Улс 2018 оны байдлаар 3.2 сая хүн амтай байсан. Үүнээс ядуу хүн амын тоо 904.9 мянга гэсэн дүн гарсан” хэмээн ярилаа.

Нэг хүний хэрэглээнд сард 166 580 төгрөгөөс бага ногдож байвал ядуурлын шугамаас доор оруулжээ. 2016 онд уг шугамаас доор 907.5 мянган иргэн байсан аж. Нийгэм, эдийн засагт цочрол үүсвэл олон тооны иргэн ядууралд өртөхөөр буйг судалгааны дүн харуулсныг мэргэжилтнүүд сануулсан. Орон нутагт ядуурлын түвшин өндөр хэвээр буй ч Монгол Улсын нийт хүн амын гуравны хоёр нь хот сууринд амьдарч байгаатай холбоотойгоор эл асуудал энд ч нэмэгдэж байгаа аж. Хот сууринд амьдарч буй ядуучуудын эзлэх хувь 2016 онд 62.1 байсан бол 2018 онд 63.5 болжээ.

Нийслэлд 2018 оны байдлаар нийт ядуу иргэдийн 41.8 хувь (378.2 мянга) нь амьдарч байгааг дурдлаа. Аймгуудаас Говьсүмбэрт ядуурлын түвшин хамгийн өндөр, хүн амынх нь талаас илүү буюу 51.9 хувь нь ядуу амьдарч байгаа дүн гарчээ. Харин Өмнөговьд дээрх түвшин хамгийн бага буюу 11.8 хувь байна.

 

+ There are no comments

Add yours