Нохойг хошуувчгүй авч явахыг хориглоно

Нохойг олон нийтийн газар салхилуулахдаа, гудамжаар дагуулж явахдаа амны хошуувч зүүлгэх ёстой. Хэрэв нохойндоо хошуувч зүйлгээгүй бол доорх хуулийн хариуцлагыг хүлээлгэнэ.

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2002 оны 222 дугаар тогтоолоор батлагдсан “Нийслэлийн нутаг дэвсгэрт нохой муур тэжээх, арчлах, золбин нохой, муур устгахад мөрдөх журам”-д:

Нэг. Нохой, муур эзэмшигчийн үүрэг

  • 1.1. Нохой, муур эзэмшигч байгууллага. иргэд нь орон сууц, гэр хорооллын хашаанд тусгай бэлтгэсэн байр, талбайд бат бэх уяатай байлгаж, гадаа гудамж талбайд зугаалуулах, эмчилгээ үйлчилгээ хийлгэхээр авч явахдаа амны хошуувчтай байлгана…

Хоёр. Нохой, муур тэжээгчдэд хориглох зүйл

  • 1. Нохой, муурыг хамгаалалтгүй байлгаснаас хүн, мал уруулах, эмчилгээ, шинжилгээ хийлгэлгүй нохой, муурыг тэжээх, бусдад худалдах, шилжүүлэх, золбируулж хаях.
  • 2. Хотын гудамж, талбай, үйлдвэрлэл үйлчилгээний газар, нийтийн тээврийн хэрэгслээр хамгаалалтгүй буюу хошуувчгүй нохой, муур авч явах, үхсэн мал амьтдын сэг зэмээр тэдгээрийг хооллох… хэмээн заажээ.

Долоо. Журам зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага:

  • а/ Орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгасны улмаас хүний бие махбодыг хөнгөн буюу хүндэвтэр гэмтээсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсвэл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ялыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн дагуу хүлээлгэнэ.
  • б/ Эрх бүхий улсын байцаагч нар Захиргааны хариуцлагын хуульд заасан зөрчлийг илрүүлсэн үедээ зохих мөнгөн торгууль оногдуулна.
  • в/ Энэхүү журмын заалт болон мэргэжлийн холбогдох байгууллагаас тавьсан шаардлагыг удаа дараа биелүүлээгүй иргэдэд хороо, дүүргийн Засаг дарга хуульд заасан эрхийнхээ дагуу арга хэмжээ авна… гэсэн байна.

Энд дурдсанчлан Эрүүгийн хуульд:

  • Эрүүгийн хуулийн 20.15 дугаар зүйл. 1. Орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгасны улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.
  • /Энэ хэсэгт 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
  • 2.Энэ гэмт хэргийн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан, хохирогч нас барсан бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ… хэмээн заажээ.

Тиймээс бусдын эрүүл мэнд, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулахгүйн тулд та нохойдоо заавал хошуувч зүүлгээрэй.

+ There are no comments

Add yours