Таван хүн нас барсан зам тээврийн ноцтой осол гарчээ

Амралтын өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 575 дуудлага хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 383 дуудлага, мэдээлэлд шалгалтын ажиллагаа явуулжээ. Ослын улмаас нийслэлд 16 хүн гэмтэж, орон нутагт 5 хүний амь нас хохирсон байна.

Өчигдөр Төв аймгийн Баянхангай сумын Хөшөөт багийн “Тав хангай” гэдэг газар Архангай аймгаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан иргэн Э-ын жолоодож явсан “Ланд крузер 200” загварын суудлын автомашин 5 зорчигчтой замын зорчих хэсгийн хажуу руу унасан осол гарчээ. Ослын улмаас дөрвөн том хүн нэг хүүхэд нас барж, 11 настай хүүхэд хүнд гэмтэн эмнэлэгт хүргэгджээ. 

Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 69 жолоочийг илрүүлэн хуулийн дагуу хариуцлага тооцсон байна.

Иймд иргэд жолооч нарт согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцохгүй байх, 10 хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх, автомашинд тээвэрлэхдээ эцэг эхчүүд хүүхдийн нас, биеийн жин, онцлогт тохируулан суудлыг сонгох шаардлагатай.

Мөн их хэмжээний хүчтэй аадар бороо орж, зам, замын байгууламжууд үерт автаж эвдэрсэн тул иргэд та бүхэн Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийг биелүүлж, хурдаа тохируулан, бие биедээ хүндэтгэлтэйгээр замын хөдөлгөөнд оролцохыг уриалж байна.

+ There are no comments

Add yours