Ч.Улаан: Хятадад хийсэн айлчлалаар мал амьдаар нь гаргах тухай огт яригдаагүй

Засгийн газрын 318-р тогтоолоор БНХАУ-руу амьд мал экспортлох гэж байна хэмээн мах үйлдвэрлэгчид өчигдөр мэдээлэл хийж эсэргүүцлээ илэрхийлсэн. Тэгвэл энэ талаар ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан тайлбар хийлээ.

Тэрбээр “Миний бие БНХАУ-д албан ёсны айлчлал хийсэн. Айлчлалын үеэр мал амьдаар нь гаргах тухай асуудал огт яригдаагүй. Үүнийг би хариуцлагатайгаар хэлж байна. Бидэнтэй хамт явсан хэвлэл мэдээллийн төлөөллүүд энэ талын мэдээллийг та бүхэнд өгсөн гэж бодож байна. Энэ удаагийн айлчлалын үеэр мах, махан бүтээгдэхүүн, сүү, сүүн бүтээгдэхүүн, улаан буудайн гурил, хөх тариа гэх зэрэг бүтээгдэхүүнийг энэ жил экспортонд гаргах боломжийг бүрдүүлэх, хил гааль, мал эмнэлгийн хяналтын байгууллагуудын үнэлгээ шинжилгээ, харилцан протокол тохиролцох асуудлыг түргэвчлэх тухай асуудлуудыг ярьсан.

Засгийн газрын 318 дугаар тогтоолд малыг амьдаар нь гаргах тухай, тэр дотроо үржлийн бус буюу эр хонь, эр ямааны нөөцийн 20 хүртэлх хувийг гаргаж болох чиглэлүүдийг аймгуудын удирдлагуудад өгсөн. Тэгэхээр малыг амьдаар нь гаргах асуудлыг аймаг, орон нутгууд хариуцна” гэлээ.

+ There are no comments

Add yours