Чуулганы өнөөдрийн хуралдаан эхэллээ

Мөрч
УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан 10.19 цагт эхэллээ. Хуралдаанаар 12 хууль, тогтоолын төсөл хэлэлцэхээр төлөвлөснийг УИХ-ын дарга Г.Занданшатар танилцуулав.

Хэлэлцэх асуудлын жагсаалтад Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг томилох, чөлөөлөх тухай асуудал, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Сэргээгдэх эрчим хүчний тухай, Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл багтжээ.

Мөн Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай, Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуулийн төсөл, Үндсэн хуулийн цэцийн 02 дугаар дүгнэлт, Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд бүхэлд нь тавсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх юм.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва Оюутолгой төслийн хөрөнгө оруулалтад хийсэн шалгалтын дүнг ирэх долоо хоногт чуулганаар хэлэлцэх хүсэлт гаргав.

Эдийн засгийн байнгын хороо, Хууль зүйн байнгын хорооноос тус төслийн хөрөнгө оруулалтад хийсэн шалгалтын дүнтэй холбогдуулан авч хэрэгжүүлэх ажлын талаар төсөл боловсруулахыг үүрэг УИХ-ын дарга Г.Занданшатар болгов.

Тэрбээр, “Байнгын хорооноос төсөл боловсруулж ирүүлээгүй тохиолдолд чуулганаар хэлэлцэх боломжгүй” гэсэн тайлбар өгсөн юм.

Ийнхүү чуулганаар Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ.

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээлэл