Цагдаагийн алба хаагчийн аминд хүрсэн этгээдүүдэд ял оноолоо

Үүрэгт ажлаа гүйцэтгэж байсан цагдаагийн алба хаагчийн амь насыг хохироосон Б.Энхбаяр, Т.Лундаан нарт хүнийг эрхэлж байгаа ажил албан үүрэгтэйн холбогдуулж, өөрийг нь алсан гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцож Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс ял оноолоо.

Тодруулбал шүүгдэгч Б.Энхбаярыг хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч бусдад 477.000.000 буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1-дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.9, 2.11-д зааснаар шүүгдэгч Т.Лундаад 13 жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Б.Энхбаярт 15 жилийн хугацаагаар хорих ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар шүүгдэгч Б.Энхбаярт 5 жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Энхбаярт оногдуулсан ялуудыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 20 жилийн хугацаагаар тогтоож, уг ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Хэргийг тодруулбал тэд Сүхбаатар дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Тоёота прадо” маркийн автомашинтай явж байгаад цагдаагийн алба хаагчид баригдах үедээ түүнийг чирж унаган биед нь хүнд гэмтэл учруулаад, хэргийн газрыг орхин зугтсан билээ. Улмаар цагдаагийн алба хаагч эмнэлэгт хүргэгдэн эмчилгээ хийлгэх явцдаа тархины хүнд гэмтлээс болж нас барсан юм.

Цагдаагийн алба хаагчид эрэн хайх ажиллагааг шуурхай хэрэгжүүлснээр Т.Лундааг Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Майхан толгой орчмын төв зам дээрээс, Б.Энхбаярыг 23:25 цагт Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Майхан толгойн зуслангийн төв замаас 200 орчим метрийн зайд байрлах айлын саравчинд бүгсэн байхад нь олж, дайчлан баривчилсан байдаг.

Гэмт хэрэгтэн Б.Энхбаяр гэгч нь их хэмжээний хохиролтой залилангийн хэрэг үйлдсэн бөгөөд Баянзүрх дүүргийн шүүхээс хоёр удаа, Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэс, Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсээс эрэн сурвалжлагдаж байсан юм.

+ There are no comments

Add yours