Ц.Эрдэнэбаяр: Энэ сарын 15-наас АИ-92 бензиний үнэ буурна

Өчигдөр Шатахууны үнийн зөвлөл хуралдаж шийдвэр гаргажээ.

Дэлхийн зах зээл дээрх брент газрын тосны үнэ тонн тутамдаа 25 ам.доллараар бууж байгаатай холбоотойгоор зургаадугаар сарын 15-наас манай улсад зарагдаж буй шатахууны үнэ буурах ёстой гэж Үнийн зөвлөлөөс үзсэн байна.

Энэ талаар Ашигт малтмал газрын тосны газрын орлогч дарга Ц.Эрдэнэбаяр “Энэ сарын 15-наас АИ-92 бензиний үнэ буурна. Учир нь дэлхийн зах зээл дээрх түүхий тосны үнэ тонн тутамдаа 25 ам.доллараар бууж байгаа бөгөөд энэ өөрчлөлт сар орчмын дараа манайд нөлөөлдөг” гэв.

Түүхий тосны үнэ тонн тутамдаа 25 ам.доллараар буурна гэдэг нь нэг литр АИ-92 бензиний үнэ 50 орчим төгрөгөөр буурна гэсэн үг аж. Харин өнгөрсөн гурав, дөрөв, тавдугаар сард түүхий тосны үнэ нийт 160 орчим ам.доллараар нэмэгдсэнээс АИ-92 бензиний үнэ өссөн. Гэтэл дизелийн түлшний дэлхийн зах зээл дээрх үнэ өсөөгүй байхад үнээ 40 төгрөгөөр нэмсэн ААН-үүд байгаа тул тэдэнд үнээ буулгах шаардлага тавьж байгаа аж. Үнэ нэмсэн талаарх тайлбараа ААН-үүд маргааш буюу зургаадугаар сарын 5-нд АМГТГ-т ирүүлэх юм байна. Хэрэв шаардлагыг биелүүлэхгүй бол шатахуун импортлох тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээ авах талаар Ц.Эрдэнэбаяр хэллээ.

Монгол Улсын Засгийн газар нефтийн бүтээгдэхүүний онцгой албан татварыг 2019 оны нэгдүгээр сараас тэглэсэн билээ. Тиймээс манай улс дэлхийн зах зээлийн үнийг дагахаас аргагүй болсон буюу Засгийн газар үнэ зохицуулах боломжгүй гэсэн үг. Иймд дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнэ буурвал дотоод зах зээл дэх үнэ буурах бөгөөд үнэ нэмэгдвэл дагаад өсөх нөхцөл бүрдсэн юм.

+ There are no comments

Add yours