Өнгөрсөн онд зам тээврийн ослоор 45 хүүхэд амиа алджээ

Тээврийн цагдаагийн албанаас зохион байгуулж байгаа “Бяцхан зорчигч” нэгдсэн арга хэмжээний хүрээнд Чингэлтэй дүүрэг дэх замын цагдаагийн хэлтсээс дүүргийн ГХУСАЗСЗ-тэй хамтран дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй төрийн болон төрийн бус байгууллага, иргэн аж ахуй нэгж, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, эцэг, эхийн төлөөллийг оролцуулан хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор “Хүүхдээ хамгаалъя” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

2018 оны статистик үзүүлэлтээр улсын хэмжээнд хүүхэд өртсөн зам тээврийн осол 1120 бүртгэгдэж ослын улмаас 45 хүүхэд амь насаа алдаж, 1189 хүүхэд гэмтэл авснаас 143 хүүхэд ноцтой гэмтэл авч, эрүүл мэндээрээ ноцтой хохирчээ. Дээрх үзүүлэлтийг өнгөрсөн онтой харьцуулахад хүүхэд өртсөн ослын гаралт 10 хувиар өссөн ч амь насаа алдсан хүүхэд 18 хувиар, гэмтсэн хүүхдийн тоо 23 хувиар тус тус буурсан.

Гэсэн хэдий ч зам тээврийн ослын улмаас амь насаа алдсан хүүхдийн 73 хувь нь орон нутагт бүртгэгдсэн бөгөөд 70 орчим хувь нь тээврийн хэрэгслээр зорчигч хэлбэрээр буюу автомашинд хамгаалах суудал, хэрэгсэл хэрэглэлгүй буруу тээвэрлэсэнээс шалтгаалсан байна. Хүүхдүүд эцэг, эх, ах эгч, эмээ, өвөө, томчуудтай явж байхдаа хамгийн аюулгүй гэж боддог хэдий ч томчуудын буруу үйлдлийн улмаас бяцхан үрс амь нас, эрүүл мэндээрээ хохирсоор байна. Иймд хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, амь нас, эрүүл мэндийг хамгаалах нь бид бүхний хамгийн нэн тэргүүний ажил болох талаар онцолсон.

+ There are no comments

Add yours