Сайдыг харлуулахаас илүү сүрьеэгийн шинжилгээндээ хамрагд, таминь

 

Тэр үнэнийг хэлсэн учир улс төрийн орон зайг нь өөртөө олж харсан эрчүүдийн ээлжит бай болов. Шуудхан хэлье. Өнөөдөр улс эх орныхоо төлөө гэсэн пайзтайгаар юу л бол юуг сошиалд цацаж, олон нийт давалгаалж байгаа мэт харагдуулж, ах тавваа ханган, өөрийн хүсссэндээ хүрдэг цөөнхийн бүлэглэл бий…Тэд мэдээлэлгүй иргэдийг олзлон, өөрийн эсрэг эгнээнд чанх өмнө нь зогсож буй улс төрд буй эсрэг хүйстнээ “жагсаалаас гаргах”-аар улайрдаг. Нуух юмгүй, үнэн болсон ийм л нэгэн ээлжит давалгааг “далд”-аас удирдан чиглүүлж, үе үе сүрхийн орж ирэн утаа майгаа тавьчихаад эргэж одох хүний нэг бол Эрүүл мэндийн дэд сайд асан нэгэн бээр юм. Түүний хүсэн хүлээж байсан “загатнасан газар” нь өнгөрсөн хугацаанд олныг сэрхийлгэсэн халдварт сүрьеэ өвчний тухай мэдээ байв.

Үнэнийг хэлэхэд, өнөөдөр сүрьеэ өвчин монголыг хэрээд байгаа юм биш. Хэвлэлийнхэн ч энэ талаар хангалттай ярьж, жил бүр салбар яамд бүү хэл Засгийн газрын хэмжээнд яригдаж, урьдчилан сэргийлэх, ухуулан таниулах, илрүүлэн эмчлэхээр их хэмжээний зардал гарган ажилладаг. Угаасаа ухаанд нь ухна үхэж, идэдж уухаас илүү цаашаа харахаа байсан нийтлэг монголчуудын алмай зан, гарч л байдаг эдгэж л байдаг гэсэн мунхаг сэтгэлгээнээсээ салаагүй тэнэглэл, зах замбараагүй орчны бохирдол, хувь хүний ариун цэвэр үл сахигч залхаг байдал, эмчилгээг бүрэн хийлгэдэггүй, өөртөө онош тавьж, зогсоодог мунхаг араншин… гэх мэт түмэн шалтгааны улмаас Сүрьеэ гэх энэ халдварт өвчин нийтийг хамарч буй нь хаана ч дарж болохгүй үнэн юм.

Эрүүл мэндийн сайд худлаа хэлээгүй, монголчууд аа. Эрүүл мэндийг сайдыг энэ хүн толгойлоод энэ улс орон чинь сүрьеэд хэрэгдчихсэн юм биш. Харин ч энэ хүн илрүүлэх ажилд илүү цаг хугацаа, хөрөнгө санхүүжилт гаргах шийдвэр гаргаж,  энэ чиглэлийнхэн илүү хариуцлагатай ажилласанаар сүрьеэ бол нийгмийн өвчин. Зөвхөн эрүүл мэндийн салбараас хамаарч байна гэхээсээ илүүтэй сургуулийн орчин, анги дүүргэлт, агааржуулалт, иргэдийн амьдралын түвшин, орлого, хоол тэжээл зэрэг маш олон зүйлтэй уялдаж тархалт их буйг гаргаж ирэв. Мөн өвчлөлд агаарын бохирдол шууд нөлөөлж байгааг, утаа, дотоод орчны бохирдол, дам тамхидалт зэрэг олон хүчин зүйл сүрьеэ, ханиад томуу, амьсгалын замын өвчлөлд нөлөөлж байна.

ХӨСҮТ орон даяар урьдчилсан үзлэг шинжилгээ хийснээр өнөөдөр далд байсан сүрьеэгийн халдвар, өвчлөлийг ил болголоо. Үнэнтэй шударгаар нүүр тулж, элдэв галаас айлгүйгээр бодит байдлаа шууд ил гарган зарлаж, арга хэмжээ авах чиглэлд анхааран ажилласан салбарын сайдыг баалахаас илүү эрхэм монголчууд бид бүхэн хувийн ариун цэврээ эхлээд сайжруулах цаг хэдийнэ болжээ. Мөн сошиалд шүлсээ үсчүүлэн нервээ барж суухаар харьяа эмнэлгийн байгууллагад хандаад сүрьеэгийн халдварыг илрүүлэх урьдчилсан сэргийлэх үзлэгийг орон даяар эхлүүлсэн байна, түүнд хамрагдчих сэтгэлийн тэнхээтэй амьдарья.

Томуу, томуу төст өвчний үеэр гал унтраах маягаар эмнэлгийн ор шилжүүлж, энэ тэндээс эм тариа гуйх маягаар асуудлыг шийддэг. ДЭМБ-аас улирлын томуугийн тархалтын үеэр хэрхэн ажиллах талаар зөвлөмж өгдөг. Тухайлбал, хүн амынхаа 40 хувийг томуугийн урьдчилан сэргийлэх вакцинд хамруулсан бол эрсдэлээс хамгаалах боломж бүрддэг гэж үздэг юм байна. Монгол Улс хүн амынхаа дөрөвхөн хувийг вакцинд хамруулдаг. Гэтэл Сангийн яам 2020 оны улсын төсөвт 1.4 сая хүнээ улирлын томуугийн вакцинд хамруулах санхүүжилт суулгасан байна. Хийсэн нэгнээ будаж суух биш би хэн билээ гэж сэхээрч, би юу хийх билээ хэмээн ухаарч, хойшоо өнхрөх цаг хугацааг хүлээх биш урагшаа зориг гаргаад алхацгаая. Ядаж илүү хэдэн жил амьдрахын төлөө, өөрийн болон гэр бүлийнхээ эрүүл мэндийн төлөө урагшаа алхаж, урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах ухаантай амьдарцгаая, монголчууд минь.

Сүрьеэгээс урьдчилан сэргийлэх вакцин гэж байдаггүй. Дөнгөж төрсөн хүүхдэд 24 цагийн дотор сүрьеэ, В гепатит, халдварт саагийн вакцин хийдэг. Энэ нь сүрьеэгийн халдвар авсан өвчилсөн тохиолдолд үүсэх хүндрэл, эрүүл мэнд, амиараа хохирох эрсдэлээс хамгаалдаг. Сүрьеэгээс урьдчилан сэргийлэхийн тулд хүний дархлааны тогтолцоог дэмжиж, сайжруулах нь хамгийн чухал. Тиймээс иргэдэд дархлаагаа дэмжээрэй, дархлааны тогтолцоондоо онцгойлон анхаараарай ингэхийн тулд спортоор хичээллэж, амин дэм, витаминтай, тэжээллэг хоол хэрэглээрэй гэж мэргэжлийн эмч хэлж байна. 2018 оны аравдугаар сарын 1-нээс урьдчилан сэргийлэх үзлэгийг улсын хэмжээнд Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлж, үүнд ерөнхий боловсролын сургуулийн бүх багш нар багтаж байгаа гэнэ. Тиймээс Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжиж байгаа учир багш нар ямар ч төлбөр, мөнгө төлөхгүй урьдчилан сэргийлэх үзлэгт орох бүрэн боломжтой юм байна. Хүний хүүхдийн эрүүл мэндийг боддоггүй юм гэхэд өөрийнхөө үхэд амьдралыг бодож, гэр бүлээ бодож эмнэлгийн үзлэгт үнэн мөнөөр нь ороод, оношоо тогтоолгож, эмчилгээнд хамрагд, эрхэм багш нар минь.

Сургуулийн багш нар урьдчилан сэргийлэх үзлэгт орж, халдварт өвчтэй эсэхээ магадлуулж байж ажилд ордог байхад сүрьеэгээр өвдсөн, эмчилгээ хийлгэсэн багш 2015 онд орон нутгаас шилжин ирж, 15 дугаар сургуульд ажилд орсон, энэ багш ямар шалтгаанаар эмчилгээгээ тасалсан нь тодорхойгүй хэдий ч мунхаг үйлдлээс нь болж гэм зэмгүй хүүхдүүд өвчилсөн нь үнэн юм. Орон нутгаасаа ялгаварлан гадуурхагдаж, шилжсэн байж магадгүй гэсэн дүгнэлттэй энэ багш нийслэлд орж ирээд шинжилгээний хуурамч бичиг баримт бүрдүүлж, дээрх сургуульд ажилд орсон. Халдварын тохиолдол тухайн багшийн дааж авсан анги, нөгөө ээлжийн ангид нь илүүтэй илэрсэн байгаа шүү дээ… Сүрьеэгийн шинж тэмдгийг энгийн хүн ч мэдэх боломжтой. Зогсоо зайгүй ханиалгах, тууралт гарах, сульдах, шөнө хөлрөх, хоолны дуршил буурах, цэртэй ханиалгах зэрэг олон шинж тэмдэг илэрдэг…

сэтгүүлч Х.Халиунаа

+ There are no comments

Add yours