12 настай хүүхдийг хүчирхийлсэн этгээдэд 13 жил хорих ял оноожээ

Увс аймгийн Өндөрхангай суманд 2018 оны арваннэгдүгээр сарын 22-ны өдөр иргэн Б гэгч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бага насны буюу 12 настай О-г ээжийг нь эзгүйд гэрээс нь өөрийн эзэмшлийн автомашинаар хуурч мэхлэн авч яван эзгүй хээр газарт аваачиж, хүч хэрэглэн хүчиндсэн гэмт хэрэг үйлджээ.

Энэ хэрэгт тус аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлснийг Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хянан хэлэлцээд, шүүгдэгч Б-г бага насны хүүхэд хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 13 жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Дээрх гэмт хэрэг нь эцэг, эхчүүд хүүхдээ хараа хяналт тавих хүнгүй гэрт нь орхиж явснаас үүдэн гарсан бөгөөд эцэг, эх, асран хамгаалагчийн хайхрамж, болгоомжгүйгээс шалтгаалж бага насны хүүхэд бие махбодь, сэтгэл санаагаараа насан туршдаа гэмт хэргийн хохирогч болж байна.

Иймээс эцэг, эх, асран хамгаалагч нарт насанд хүрээгүй хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулж, танихгүй хүнд хаалга онгойлгож өгөхгүй, дагаж явахгүй байх талаар хүүхдэдээ хэлж сануулах, гэрт нь аль болох хараа хяналтгүй үлдээхгүй байхыг прокурорын байгууллагаас анхаарууллаа.

+ There are no comments

Add yours