АНУ нисэх онгоц тээвэрлэгч хөлгөө Ойрх Дорнод руу илгээлээ

Иранд анхааруулга өгөх зорилгоор нисэх онгоц тээвэрлэгч хөлгийг цохилтын бүрэн бүрэлдэхүүний хамт Ойрх Дорнод руу илгээж байгаагаа АНУ-ын үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жон Болтон Ням гарагийн орой мэдэгджээ.

Ираны зүгээс “хэд хэдэн удаа аюул учруулж болзошгүй шинж тэмдэг ажиглагдсан” тул ийм хариу арга хэмжээ авахад хүрснийг тэр мэдэгдэлдээ тайлбарласан байна.

Ойрх Дорнод дахь АНУ-ын цэргийн баазууд руу Иран улс, эсвэл түүний гар хөл болсон бүлэг довтолж магадгүй гэсэн болгоомжлолоос үүдэлтэйгээр арга хэмжээ авсан гэж зарим эх сурвалж мэдээлжээ.

Болтоны мэдэгдэлд “АНУ-ын ашиг сонирхолд, эсвэл холбоотнуудад халдвал өршөөлгүй хариу цохилт өгөх болно” хэмээн анхааруулсан байна.

Нисэх онгоц тээвэрлэгчийг Персийн буланд илгээх нь шинэ үзэгдэл биш. Гэхдээ АНУ-Ираны харилцаа хамгийн хурцадмал түвшинд хүрээд байгаа үед илгээж байгаагаараа онцлог болж байна.

Сүүлийн үед Ираны газрын тосны импортод бүрэн хориг тавих, Ираны Хувьсгалт Гвардыг террорист байгууллагаар зарлах зэрэг хэд хэдэн хатуу арга хэмжээг Вашингтоны зүгээс хэрэгжүүлээд байгаа.

Ойрх Дорнодод илгээж буй тээвэрлэгч нь USS Abraham Lincoln хөлөг юм. Тус хөлөг дөрөвдүгээр сарын сүүлээр АНУ-ын холбоотнуудтай хамтарсан байлдааны сургуулилалт хийх зорилгоор Европт ирээд байгаа.

 

Эх сурвалж: BBC

+ There are no comments

Add yours