Б.Хурцыг 461-т саатууллаа

Тагнуулын ерөнхий газрын даргаар ажиллаж байсан хошууч генерал Б.Хурцыг өчигдөр орой ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны Тусгай субьектын үйлдсэн гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн ажилтнууд баривчилжээ. Түүнийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан болохыг тэнд ажилладаг эх сурвалж хэлэв.

Тагнуулын ерөнхий газрын дэд дарга, хурандаа Б.Энхсүх саяхан “С.Зоригийг хөнөөсөн гэх хэрэгт ял шийтгүүлсэн хүмүүсийг шалгах явцад эрүүдэн шүүсэн асуудал шалгагдаж байгаа. Гурван мөрдөгч, хоёр гүйцэтгэх ажилтныг эрүүгийн хэрэгт холбогдуулан шалгасан” гэж мэдээлсэн. Хэргийг АТГ-аас шалгаж байгаад прокурор харьяалал тогтоон цагдаагийн байгууллагад шилжүүлсэн гэдгийг онцолсон юм.

Харин Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, “Эрүү шүүлтэд оролцсон Ү.Отгонбаяр гэх этгээд өмнө нь тагнуулд ажиллаж байсан ахлах дэслэгч. ШШГЕГ-т ирээд дөрөвхөн сарын дотор дэд хурандаа цолтой болсон байна лээ” гэж ярьсан. Албаныхан Б.Хурцаас хэд хоногийн өмнө Ү.Отгонбаярыг ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулаад гаргажээ. Үржнээгийн Отгонбаяр нь зураач Я.Үржнээгийн хүү. Бүр тодруулбал, Б.Хурцын эхнэрийн дүү юм. Ү.Отгонбаярыг саяхан батлан даалтад гаргасан юм.

+ There are no comments

Add yours