Зам тээврийн ослоор нийслэлд хоёр, орон нутагт зургаан хүн амиа алджээ

2019 оны 4 дүгээр 15-19-ний өдрүүдэд бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийн улмаас нийслэлд хоёр хүний амь нас хохирч, 29 хүн гэмтэж бэртсэн бол орон нутагт зургаан хүний амь нас хохирсон байна.

Ноцтой зам тээврийн ослуудаас дурдвал:

  • 2019.04.18-ны өдрийн 21:00 цагийн орчим БГД-ийн нутаг Ард аюушийн өргөн чөлөө, “Тэргэл” төвийн урд замд H.Porter маркийн автомашины жолооч нь явган зорчигч 48 настай, эрэгтэй С-г мөргөж амь насыг нь хохироосон,
  • 2019.04.16-ны өглөө 05:00 цагийн орчим Говь-Алтай аймгийн нутаг “Хасаг толгой” гэх газар шороон замд Mitsubishi Pajero маркийн автомашин онхолдож, жолооч Г-н амь нас хохирсон байна.

Орон нутагт бүртгэгдсэн хүний амь нас хохирсон осол, хэргийг хэлбэрээр нь үзэхэд 5 нь онхолдох хэлбэрээр, 1 нь мөргөлдөх хэлбэрээр гарсан бөгөөд 4 осол нь автомашинаар, 2 осол нь мотоциклоор үйлдэгджээ.

Огцом эргэлт дээр хурд хэтрүүлж явах нь автомашин замаас гарч осолд орох гол шалтгаан болдог бөгөөд автомашины тогтворжилт алдагддаг. Иймд зам тахиралсан болон огцом эргэлттэй замд хурдыг аюулгүй байхаар сонгох хэрэгтэй.

Энэ 7 хоногт бүртгэгдсэн нийт ослыг хэлбэрээр авч үзвэл явган зорчигч мөргөж гэмтээх хэлбэрээр 15 осол, мөргөлдөх хэлбэрээр 28 осол, үл хөдлөх зүйл мөргөх хэлбэрээр 8 осол тус тус гарсан байна.

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 170 жолоочийг илрүүлэн хуулийн дагуу хариуцлага тооцож, эрхгүй үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 15 жолоочийг шүүхээр 7-30 хүртэл хоногоор баривчилжээ.

Гарсан зам тээврийн осол, хэргийг өмнөх 7 хоногийн нөхцөл байдалтай харьцуулахад нийт дуудлага 7.8 хувиар, зам тээврийн ослын шинжтэй дуудлага 7 хувиар, нас барсан хүн 3 дахин өсөж, гэмтсэн хүн болон явган зорчигч мөргөж гэмтээх, мөргөлдөх хэлбэрээр гарсан осол тус тус 6 хувиар буурсан байна.

 

Эх сурвалж: ТЦА

+ There are no comments

Add yours