Ирландын дуучин Шеннед О’Коннорыг миний үеийнхэн сайн мэднэ. Гоё дуучин. Өнгөрсөн нэгдүгээр сард түүний тухай нэг нийтлэл уншсанаа хуваалцая.
1992 онд католик сүм хийдүүд, маш олон жилийн турш лам хөвгүүдийг бэлгийн хүчирхийлэл дор байлгаж ирсэн тухай баримтууд гэнэт дэлгэгдэв. Мэдээллийн дагуу бөөн сенсаац дэгдсэн ч Ромын пап харин сүм хийдүүдээ хамгаалж, чимээгүй суугаад байж л дээ. Үүнд хилэгнэсэн Шеннед О’Коннор эсэргүүцлээ илэрхийлж, зурагтаар гарч байхдаа, папын зургийг уржээ.
Ирландын протестантууд ба католик шашинтны тэмцэл хурцадсан үе таарсныг ч хэлэх үү. Үзэсгэлэнт дуучин “охин” эгшин зуурын дотор энэ дэлхийн бараг бүх католик шүтлэгтний дайсан болчихов. Фрэнк Синатрагаас эхлээд олон алдартан уурсан хилэгнэж, сонин хэвлэл, ТВ радиогоор дайрч давшлан, хэр баргийн хүн давж гарахааргүй их үзэн ядалтыг мэдэрсэн байна.
Дуучин бүсгүй тэгэхэд дөнгөж 26 настай байв.
10-аад хоногийн дараа Мэдисон Скүэрт, Боб Диланд зориулагдсан томоохон тоглолтод оролцохоор тэр очжээ. Гэвч Шеннедийг тайзнаа гараад ирмэгц үзэгчид хашгиралдан, харааж зүхэн, лааз, шил шидэж, тасчин идэхээ дөхөв. Зохион байгуулагчид сандарч, Крис Кристоферсонд хандан “Алив бушуухан түүнийг буцаагаад оруулаад ир!” гэжээ.
Харин өнөөх нь тайз руу гүйж очоод, бүсгүйг тэврээд чив чимээгүй зогсчихож гэнэ. Тийм ээ, зүгээр л зогсоод байж. Эцэстээ үзэгчид гайхашран, орилоон чарлаан намдав.
Хөгжим ч эхэлж, “дайсны цэрэг охин” маань Боб Диланы нэг дууг коверлоод, Боб Марлийн “Дайн” хэмээх дууг араас нь дуулав. Гэхдээ “Дайны” үгийг ялимгүй өөрчилжээ. Хүүхдийн хүчирхийллийн эсрэг хэлэх гэсэн үгээ Шеннед мөнөөхөн дууны шүлгийн завсарт хавчуулж дуулчихаад тайзнаас буусан гэдэг.
Хожим энэ тухай Крис Кристоферсон: Намайг түүнийг тайзнаас бушуухан буулга гэхэд нь би “Үгүй ээ, тэгж чадахгүй!” гэж хэлчихээд тайз руу гүйж гарсан. Шеннедийг тэвэрч зогсохдоо би чихэнд нь “Энэ муусайн новшнуудад чамайг доош нь хийхийг битгий зөвшөөр!” гэж шивнэсэн юм аа. Харин бүсгүй миний өөдөөс, хатуу зоримог байдлаар “Би бууж өгөхгүй” гэсэн дээ. Ийм олон хүн энэ жаахан охинд ингэж хандаж байгаа нь надад үнэхээр буруу санагдсан. Харин бүсгүй тэгэхэд маш зоригтой байлаа хэмээн дурсчээ. (эх сурвалж Одри Уильямс)
Шеннед О’Коннор угийн л онцгой эмэгтэй. Биднийг багад Оросын тв-ээр клип нь гардаг байв. Дэндүү үзэсгэлэнтэй залуу бүсгүй хав халзан толгойтой байгаа нь төдийгүй, дуулж байхдаа уйлдаг нь ихэд цочроодог сон. Тэр дуулдаг төдий хүн биш ээ. Ухаалаг тэмцэгч, урлагтай тэмцэгч, гоо зүйтэй тэмцэгч, оюун санааны том ертөнцтэй эмэгтэй. Алдаршихын тулд PR хийгээгүй, жүжиглээгүй, сенсаацлах гээгүй, “золиослогдсон бүх хүний өмнөөс” л тэр дуулсан.
26 -хан настайдаа, өөрийг нь үзэн ядсан түмэн хүний өмнө ийм тайван зогсож чадаж шүү дээ.
Өнөө цагт сошиалын хэрүүл хараал, өдөлт дайралтад өртөөгүй хүн гэж бараг үлдсэнгүй ээ. Ялангуяа, хүүхдүүд ийм зүйлийг байнга амсаж, амиа хорлохдоо хүртэл тулж байгааг хараад давчиддаг. Өчигдөр 15 настай охиноос захидал хүлээж авсан. Ангийнхан нь түүнийг хэрхэн гадуурхдаг тухай бичжээ.
100 хүн чам руу дайрлаа гээд бүгд чамайг үзэн ядсан гэсэн үг биш! Крис Кристоферсон шиг хүмүүс байж л байдаг. Шеннед шиг эр зоригтой байх уу, Крис шиг хүнлэг байх уу, аль эсвэл зүгээр л “лааз шидэгч үзэгчдийн нэг байх уу?” Бид өөрсдөө л сонгох хэрэг.
Бүгд чамайг үзэн ядаж, дооглон тохуурхсан ч, огт гэмгүй атлаа гэсгээл хүртсэн ч, шударга байсныхаа төлөө л хавчигдан шахагдсан ч даваад гарч болдгийг онцгой Шеннедийн дээрх түүх лав батална.
More Stories
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2026 оны 09 дүгээр сарын 13-14-ний өдрүүдэд Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэбүрэний усан...
Халх гол сумаас 65 дайчны шарил, 3000 гаруй сум, галт хэрэгсэл илрүүлжээ
Монгол Улс, ОХУ-ын цэргийн археологийн хамтарсан тав дахь удаагийн экспедиц Дорнод аймгийн Халхгол сумын нутагт эрэл хайгуул хийж байна. 250...
Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд үржлийн шилмэл малын үзэсгэлэн, дуудлага худалдаа болно
Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд үржлийн шилмэл малын үзэсгэлэн, дуудлага худалдааг энэ сарын 18-нд зохион байгуулна. Үржлийн шилмэл малын үзэсгэлэн, дуудлага...
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-ыг угтан авлаа
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын урилгаар Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман тэргүүтэй төлөөлөгчид...
Өнөөдөр хоёр байнгын хороо хуралдаж, 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэнэ.
Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах...
Үндэсний Аудитын Газраас “COP17”-ын санхүүжилтийн зарцуулалт, үр дүнд аудит эхлүүллээ
Үндэсний аудитын газраас Монгол Улсад зохион байгуулсан Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын суурь конвенцын оролцогч талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын...
