200 гаруй жолооч эрхээ хамгаалж үлдлээ

Өнөөдөр 11 цагаас эхлэн Төрийн ордны баруун хаалганы гадна Тээвэрчдийн холбооныхон жагсаал зохион байгууллаа.

Учир нь Хөвсгөл чиглэлд орон нутгийн тээврийн үйлчилгээ үзүүлдэг хоёр компанийн үндсэн 80 жолооч байдаг. Мөн ээлжийн жолоочтойгоо нийлээд 200 гаруй ажилтан байдаг аж. Гэтэл дээрх жолоочдоос зөвшөөрөл авалгүйгээр гэрээгээ шууд утгаар нь зөрчиж АТҮТ-ийн удирдлагууд дээрх чиглэлд дахин өөр компанийг тээврийн үйлчилгээ үзүүлэхээр оруулсан байна. Энэ шийдвэр нь анхлан байгуулсан гэрээг зөрчсөн бөгөөд нийтдээ 200 гаруй жолоочыг ажилгүй болгосон аж.

Энэхүү шийдвэрийг Хөвсгөл чиглэлд зорчигч тээврийн үйлчилгээ үзүүлдэг компанийн жолооч нар эсэргүүцэн өнөөдөр жагсаж байна. Өмнө нь эрхээ зөрчүүлж, ажилгүй болсон жолооч нар АТҮТ болон ЗТХЯ-ны удирдлагуудад асуудлаа хэлж зөвшилцөх санал гаргасан ч хүлээж аваагүй тул ийнхүү жагсаж буй юм. Тэд өчигдөр энэ асуудлаар Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд яаралтай уулзах хүсэлт гаргасан байна. Өнөөдөр хүсэлтийнхээ хариуг авахаар цуглажээ.

Биднийг 12 цагийн орчимд сурвалжлахаар очих үеэр жолооч нарын хүсэлтийг хэлэлцэж байгаа гэх мэдээлэл өгсөн билээ. Удалгүй ерөнхий сайдын ажлын албанаас жолооч нарын асуудлыг хэлэлцээд нэмэлтээр орсон компаний эрхийг түтгэлзүүлэх шийдвэр гаргасан тухайгаа хэллээ. Ингэснээр 200 гаруй жолооч нар ажлын байраа хадгалж үлдэж байгаа бөгөөд АТҮТ-өөс Хөвсгөл чиглэлд нэмэлтээр тээврийн үйлчилгээ үзүүлэхээр гаргасан компанийн эрхийг цуцалсан байна.

+ There are no comments

Add yours