Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх замыг хаалаа

Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто замыг шинэчлэн тавих юм. Энэ хүрээнд дөрөвдүгээр сарын 15-ны өдрөөс буюу өнөөдрөөс 11 дүгээр сарын 30-ныг хүртэл дээрх чиглэлийн замыг хаах тухай Тээврийн цагдаагийн алба мэдээллээ.

Тодруулбал, Зүүн аймаг, алслагдсан дүүргээс нийслэл рүү бүх жин нь 3.5 тн-оос дээш ачааны автомашин, 8-аас дээш хүний суудалтай тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг “Налайх, Чойрын уулзвар-Дөрөвдүгээр зөрлөг-Төв аймгийн Зуунмод-Улаанбаатар” гэсэн чиглэлээр явуулах юм байна.

 

Харин 3.5 тн-оос бага жинтэй, 8-аас доош хүний суудалтай тээврийн хэрэгсэл Налайх-Гачууртын уулзвар хүртэл гаргасан түр замаар зорчино. Налайх-Багшийн дээд чиглэлийн нийтийн тээврийн автобусанд энэ зохицуулалт хамаарахгүй юм. Өөрөөр хэлбэл, нийтийн тээврийн автобус түр замаар зорчино.

Тээврийн цагдаагийн албанаас автозамын барилгын ажлыг гүйцэтгэхтэй холбогдуулан дээрх чиглэлийн автозамын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж ажиллах бөгөөд иргэдийг мэдээлэх самбар, тэмдэг, тэмдэглэлийн дагуу хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна.

Налайх-Чойрын уулзвараас Гачууртын уулзвар хүртэлх 20.9 км авто зам тавих ажлыг энэ сарын нэгнээс эхлэхээр болсон. Замын ажлын гүйцэтгэгч “Синохайдро Корпорэйшн Лимитэд” компанитай Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан өнгөрсөн сарын 12-нд гэрээ байгуулсан юм. Налайхын шинэ зам олон улсын стандартад нийцсэн, бүрэн гэрэлтүүлэгтэй болох юм байна. Мөн замын зураг төсөлд зарим өөрчлөлтийг оруулж явган хүний болон дугуйн зам тавих аж. Ингэснээр Налайхын замыг энэ онд багтаан ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.

+ There are no comments

Add yours