Иргэд хуурамч бичиг баримт бүрдүүлснээр БНСУ-ын визийн хүсэлтийг шийдвэрлэх хугацаа удааширчээ

БНСУ-д оршин суудаг монгол иргэн Хөх ордонд “Солонгос улсын виз мэдүүлэхэд ойролцоогоор 70 хоног зарцуулж байна. Энэ нь Монгол Улс дахь БНСУ-ын Элчин сайдын яамны дээрэнгүй үзэл, нэг улсыг үл ойшоосон хэрэг” гэсэн гомдол гаргажээ. Үүнтэй холбогдуулан тус улсын ЭСЯ-наас өнгөрсөн баасан гарагт өдөр тутмын сониныхонд мэдээлэл өглөө.

Солонгосын виз мэдүүлэх монгол иргэдийн тоо олширсон бөгөөд өдөрт 800-1000 хүний хүсэлт хүлээн авч байгаагаа яамныхан хэлсэн. Гэхдээ гол шалтгаан тоонд бус, иргэд виз мэдүүлэхдээ хуурамч бичиг баримт бүрдүүлэх болсон нь тэдний ачааллыг ихэсгэсэн гэнэ.

“2-3 жилийн өмнө ч өдөрт 800-1000 хүний хүсэлт хүлээн авч байсан. Гэсэн ч тэр үед шийдвэрлэх хугацаа ингэж хойшлоогүй. Учир нь иргэд хуурамч материал бүрдүүлж, бидний ажлыг хүндрүүлэх тохиолдол төдийлөн гарч байгаагүй” гэж яамныхан онцолсон.

Виз мэдүүлэх иргэд нийгмийн даатгал, татварын тодорхойлолт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ зэрэг 17 төрлийн баримтыг хуурамчаар үйлдсэн зөрчил илэрчээ. Үүнээс гадна БНСУ-д зорчсон монгол иргэд хууль бусаар оршин суух нь ихэссэн тул виз мэдүүлсэн иргэдийн бүх материалыг нарийвчлан шалгаж буй нь шийдвэрлэх хугацаа хойшлоход нөлөөлсөн аж.

Хуурамч бичиг баримт бүрдүүлсэн этгээдүүдэд хариуцлага тооцуулахаар ЭСЯ-ныхан манай улсын хууль, хяналтын байгууллагад албан хүсэлт илгээсэн ч шийдвэрлэх үйл явц удаан байгаа аж. Тиймээс эл асуудлыг таслан зогсооход Монгол Улсын Засгийн газар хамтран ажиллахыг хүслээ. Ойрын хугацаанд дорвитой арга хэмжээ авахгүй бол визийн материал шалган шийдвэрлэх хугацааг наашлуулах боломжгүйгээс гадна Монгол Улсын Засгийн газраас БНСУ-д тавьсан визгүй зорчих хүсэлтийн хэлэлцээрт ч сөрөг нөлөөтэй юм байна.

1 Comment

Add yours
  1. 1
    Anonymous

    Иргэд өөрсдөө хариуцлагатай үнэнчээр бүрдүүлж бусдын ажлыг хүндрүүлэхгүй байх шаардлагатай

+ Leave a Comment