Суданд цэргийн эргэлт гарсан гэв

Суданд цэргийн эргэлт гарч, Ерөнхийлөгч Омар аль Башир өөрийн хүрээллийн өндөр албан тушаалтнуудын хамт цэргүүдэд баривчлагдсан талаар Арабын Al-Hadath телевиз мэдээллээ.

Арабын Al-Hadath телевизийн мэдээлснээр дээрх өндөр албан тушаалтнууд Суданд цэргийн эргэлт хийсэн цэргийнхэнд баривчлагдсан байна. Харин Суданы Al-Mashhad телевиз мэдээлэхдээ Ерөнхийлөгч Омар аль Башир эх орноо орхин гарсан гэж мэдээлжээ.

Үүнээс өмнө, Суданы цэргийн зөвлөл тус улсад нэг жилийн хугацаатайгаар засаг барихаар бэлтгэж байгаа тухай мэдээлэл гарч байлаа. Албан бус эх сурвалжийн мэдээгээр хэсэг цэргийн албан хаагчид Суданд цэргийн эргэлт хийн, Ерөнхийлөгч Омар аль Баширийг суулаас нь түлхэн унагасан байна. Ойрын хугацаанд Суданы арми улсын телевиз болон радиогоор албан ёсны мэдэгдэл хийх байх хэмээн ТАСС агентлаг дамжууллаа.

Одоо тус улсын нийслэлд армийн нэмэлт хүч, хуягт техникүүдийг байршуулсан байгаа бөгөөд цагдаагийнхан огт харагдахгүй, мөн Хартумын олон улсын нисэх буудал хаагджээ.

Энэ нөхцөл байдлыг Суданы иргэд эсэргүүцэн, эдийн засгийн шаардлага тавьж байснаа улмаар улс төрийн шаардлага тавих болж, засгийн эрхэнд 30 жил байгаа Ерөнхийлөгч Омар аль Баширыг огцрохыг шаардаж эхлэсэн. Эсэргүүцлийн жагсаал цуглаан яваандаа мөргөлдөөн үүсгэж, аюулгүй байдлын хүчнийхэн болон иргэдийн хоорондын мөргөлдөөний улмаас дөрөвдүгээр сарын есний өдөр Суданы нийслэл Хартум хотод 14 хүн амиа алдсан байна. Эсэргүүцэгчид Суданы Зэвсэгт хүчний удирдах газрын гадаа суулт зарласан бөгөөд аюулгүй байдлыг хангах албаныхан жагсагчдыг тараах гэсэн ээлжит оролдлогоороо ийнхүү мөргөлдөөнд хүрчээ. Тэд эсэргүүцлийн жагсаалд оролцогчдыг тараахын тулд нулимс асгаруулагч хий, резинэн сум тэр буу хэл автомат галт зэвсэг ашигласан байна. Улмаар хамгийн сүүлийн үеийн мэдээллээр эсэргүүцлийн жагсаал цуглаан эхэлснээс хойш Суданд жагсаалд оролцож байсан 22 хүн амиа алджээ.

Суданы зэвсэгт хүчний төлөөлөгч генерал Ахмед Халифа аль Шами дөрөвдүгээр сарын есний өдөр мэдэгдэл хийхдээ цэргийнхэн Суданы улс төрийн үйл явдалд оролцохгүй гэдгийг онцлоод, “суулт улс орныг эмх замбараагүй байдалд хүргэж мэднэ” хэмээж байлаа. Харин ийнхүү улс төрийн нөхцөл байдалд оролцохгүй гэж мэдэгдэж байсан ч хэдийнэ цэргийн эргэлт Суданд гарсан байж болзошгүй талаар хэвлэлүүд онцолж байгаа юм.

Б.АНАНД

+ There are no comments

Add yours