Л.Оюун-Эрдэнэ: 40 сая ам.долларыг Ш.Батхүүгээр төлүүлсэн цагт хэрэг хаагдана

Эрдэнэт үйлдвэрийн “Эрсдэлийн сан”-гаас Стандарт банкинд 40 сая ам.доллар шилжүүлсэн гэх мэдээллийг өнгөрсөн долоо хоногт Шадар сайд Ө.Энхтүвшин, Эрдэнэт үйлдвэрийн дарга Х.Бадамсүрэн нар хийсэн.

Тус мэдээлэлтэй холбогдуулан ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Тэрээр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын төлсөн 40 сая америк долларыг “Жаст”-ын Ш.Батхүүгээр төлүүлсэн цагт энэ хэрэг эцэслэгдэнэ гэдгийг хэллээ.

Энэ тухай тэрээр хэлэхдээ, “Ш.Батхүүгийн хөрөнгөтэй холбоотой асуудалд хууль хяналтын байгууллага ажиллах нь зүйтэй. Энэ тал дээр ЗГХЭГ анхаарал хандуулж хамтран ажиллана. Үл хөдлөх хөрөнгүүд нь ямар зарчмаар хэн уруу шилжсэн бэ гэдэг ээдрээтэй асуудал болон хувирч байна. Зарим хууль хяналтын байгууллагын удирдлагууд энэ хэрэгт оролцож, хөрөнгийг шилжүүлсэн гэсэн мэдээлэл бий.

Үүнийг прокурор, хууль хяналтын байгууллагын шинэ удирдлагууд анхаарах ёстой томоохон асуудал юм. Богино хугацаанд буюу хаврын чуулган дуусахаас өмнө асуудлыг нэг талд нь гаргаж шийдэх нь зүйтэй гэж бодож байна. Дуулиан тариад яваад байдаг асуудлыг үнэн зөвөөр нь мухарлаасай гэж бодож байна. Стандарт банкны хэрэг ч мөн адил “Жаст”-ын Ш.Батхүү гэдэг хүнээс буцааж авсан цагт дуусна. Шүүх гэм буруутайг нь тогтоогоогүй байхад Эрдэнэт үйлдвэрийн дарга нар, захирал нь буруутай гэх мэтээр ярих нь учир дутагдалтай. Хардах үндэслэлүүд бий” гэсэн юм.

+ There are no comments

Add yours