Өнөөдөр ханш нээх өдөр тохиож байна

Билгийн тооллын 30-ны өдөр буюу өнөөдөр 10:36 минутад ханш нээгдлээ. Энэ өдөр ичигсэд ичээнээсээ гарч, амьд байгалийн аливаа амьдрал сэргэж хорхой шавьж хөдөлдөг учиртай. Тиймээс Монголчууд энэ өдөр буян хийж ном хуруулснаар хийсэн буян арвижин дэлгэрэн эд баялгаар арвин, эрүүл саруул байна гэж бэлгэшээдэг аж.

Монголчууд ханш нээх өдөр мал болон ичээнээсээ гарсан амьтдын байр байдал, өвс ургамал, тухайн өдрийн цаг агаарын байдлаар хаваршилт, зуншлага ямар байхыг шинжин тодорхойлж иржээ. Тухайлбал ханш нээх өдөр өмнө зүгээс хур буувал өвс ургамал муу ургаж, үр тарианы ургац муудаж тааламжгүй болно хэмээн үздэг. Энэ цагт булгийн ус задгайран оргилохоос гадна голын мөс ханзарна. Цох хорхой гэнэт олширч энд тэндгүй гүйж харагдвал зун нь хуурай болно хэмээн зөгнөдөг. Хэрвээ шувуу гол мөрний усанд орвол дулаарахын шинж. Хаврын цас шоргоолжны үүрийн хойд хэсгээс эхэлж хайлвал зуншлага сайхан болж, өвс ургамал тэгш ургахын тэмдэг хэмээн үздэг байжээ.

Хөлдсөн болгон гэсч, ичсэн болгон гарч, үндэс болгон соёолдог учраас урин цагийн эхлэл нь ханш нээх өдөр юм. Тиймээс манай ард түмэн дэлгэрч дээшлэх өдөр гэж бэлгэшээдэг байна.

+ There are no comments

Add yours