Ниргэсэн хойно нь хашгирав…

Улаанбаатар хотын шинэхэн дарга С.Амарсайхан өнгөрсөн долоо хоногт Смарт картаа гээгдүүлсэн, алдсан, хураалгасан иргэдийн 1.8 тэрбум төгрөгийг буцаан олгоно гэж Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн ээлжит хуралдааны үеэр мэдэгдэв. Гэтэл ахмад настан болон оюутнуудын автобусын карт регистрийн дугаар дээрээ бүртгэлтэй байдаг. Харин иргэд гэр, ажилтайгаа ойролцоо байрлах “U-money” карт борлуулах, цэнэглэх төвөөс 3500 төгрөг төлөөд ямар нэгэн бүртгэл хийлгэлгүйгээр смарт картаа шууд худалдан авдаг.

Иргэдийн олонх 1.8 тэрбум төгрөгийг буцааж олгох ямар ч боломжгүй, наад мөнгөөрөө автобусны буудлууд дээр аль чиглэлийн автобус хэдэн минутын дараа ирэх, хаана яваа гэдгийг нь харуулдаг “UB Smart Bus” аппликейшнаа дэлгэцтэйгээр байрлуулаад өгчихвөл хүмүүст хэрэгтэй байна. Үлдсэн хэсэг нь удахгүй зун болно. Нийтийн тээвэрт агааржуулалтын систем байхгүй учраас өглөө ажил эхлэх, ажил тарах цагаар нийтийн тээвэр, Төв цэвэрлэх байгууламж шиг үнэртэй болдог. Эсвэл долоо хоногийн нэг өдрийг нийтийн тээврийг иргэдэд үнэ төлбөргүй болгож 1.8 тэрбум төгрөгийг тэгш хүртээмжтэй буцаан олгож болно гэдэг саналыг хэлж буй юм.

МАНАЙ КОМПАНИ ИРГЭДИЙГ КАРТАА ХАЯСАН, АЛДСАН ГЭДГИЙГ МЭДЭХ БОЛОМЖГҮЙ

Бид 1.8 тэрбум төгрөгийг иргэдэд буцаан өгөх боломжтой эсэхийг “Улаанбаатар Смарт Карт” ХХК-иас тодруулахад “Бид энэ талаарх мэдээллийг мэдээллийн сайтуудаас л уншлаа. Смарт картаа хаясан иргэдийн мөнгө гэсэн ойлголт байхгүй. Иргэдийг картаа хаясан, алдсан гэдгийг мэдэх ямар ч боломжгүй. Нийслэлийн удирдлагууд уг асуудал дээр ямар шийдвэр, шийдэл гаргахыг мэдэхгүй байна. Манай компани дээр тодорхой шийдэл, шийдвэр нь ирэх байхаа. Бидэнд одоогоор тодорхой мэдээлэл байхгүй учраас мэдээлэл өгөх боломжгүй байна. Хэрэглэгчид смарт картаа хугалж гэмтээгээд ашиглах боломжгүй болсон тохиолдолд хэрэглэгчийн төвд авчирж өгөөд дотор нь байгаа мөнгийг шилжүүлж авч болно. Харин хаяж гээгдүүлсэн үед картан доторх мөнгийг нь буцаан олгох боломжгүй. Хэдэн төгрөг, ямар картанд байсныг нь хэрэглэгч баталгаажуулж чадахгүй, манай компанийн зүгээс нотолгоо нэхэх боломжгүй байдаг юм. Тиймээс смарт картны ар талд “Картыг үрэгдүүлсэн тохиолдолд хохирлыг компани хариуцахгүй” гэсэн санамжийг бичсэн байгаа. Хэрэв оюутны картаа хаясан бол дансан дахь мөнгөө шинэ карт руугаа шилжүүлж болдог. Оюутан, ахмад настны смарт карт нэр дээрээ бүртгэлтэй байдаг” гэсэн мэдээллийг өгөв.

Ер нь Улаанбаатар хотын нийтийн тээврийн салбарын асуудал бусад салбартайгаа ижилхэн урсгалаараа явсаар өдийг хүргэсэн. Төрийн эрхийг барьж буй үе үеийн улс төрчид нийслэл хотын анхны төлөвлөлтийг учир дутагдалтай байсан гэж ярьдаг ч нийтийн тээврийн салбарт тооцоо судалгаанд суурилсан урт хугацааны бодлого, шийдвэр гаргалгүй 30 жил болсон гэхэд хэн ч маргахгүй болов уу. Нийтийн тээвэр бол зөвхөн зорчигч, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хэлдэггүй. Тухайн улсын хот байгуулалтын амжилт, төрийн засаглах чадамж, амьдралын чанар, соёл гэх мэт олон үзүүлэлтийг өөртөө агуулдаг. Товчоор хэлбэл нийтийн тээвэр аливаа нэгэн улс үндэстний имиж гадаад төрх. Тийм ч учраас дэлхийн томоохон хотууд ухаалаг нийтийн тээврийн хөгжлийг юу юунаас илүүд үздэг. С.Амарсайхан дарга 1.8 тэрбум төгрөгийг иргэдэд буцаан олгоно гэж бөөн бичиг цаасны ажилтай зууралдаж байхаар нийтийн тээврийн салбараа өөд татах, ухаалаг болгох гэж хичээн ажиллах ёстой гэдгийг иргэд хэлж буй юм.

+ There are no comments

Add yours