Оросын цэргийн хоёр нисэх онгоц Венесуэлийн нийслэлд буужээ

Өнгөрсөн амралтын өдрүүдэд ОХУ-ын агаарын хүчний хоёр онгоц Каракаст газардсан тухай Венесуэлийн албаны хүн мэдээлжээ.

Бямба гарагт Оросын армийн албан тушаалтнууд болон 100 орчим цэргийг тээвэрлэсэн хоёр онгоц Венесуэлийн нийслэлд газардсан байна.

Нэрээ нууцалсан албаны хүний мэдээлснээр хоёр орны зэвсэгт хүчний хамтын ажиллагаа, зэвсэг техникийн засвар үйлчилгээ, сургалт, стратегийн асуудлуудыг хэлэлцэхээр Оросын төлөөлөгчид ирсэн ажээ.

Майкуэта нисэх буудалд газардсан онгоцнуудыг Венесуэлийн үндэсний гвардийн цэргүүд хамгаалж байна.

Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард ОХУ-ын батлан хамгаалах яам цөмийн зэвсэг тээвэрлэх чадвартай стратегийн хоёр бөмбөгдөгчийг Венесуэльд илгээсэн нь АНУ болон бүс нутгийн орнуудын эсэргүүцэлтэй тулгарч байсан юм.

Оросын тал тухайн үед хоёр ширхэг Ту-160 онгоц Каракасын ойролцоох агаарын баазад буусныг хүлээн зөвшөөрсөн ч ямар зорилготой, ямар зэвсэг тээвэрлэсэн зэргийг нь мэдээлээгүй өнгөрч байв.

Нисэх онгоцнуудыг ирэхээс хэдхэн өдрийн өмнө Венесуэлийн ерөнхийлөгч Николас Мадуро Москвад айлчлахдаа Оросын засгийн газраас эдийн засгийн тусламж гуйж байжээ.

 

Эх сурвалж: Associated Press

 

+ There are no comments

Add yours