Ч.Хүрэлбаатар: Хадгаламжийн татварыг тэглэх боломжгүй

Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын нэгтгэсэн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг УИХ хийлээ.

Гишүүдийн зүгээс хуулийн төсөлд татварын хувь хэмжээг нэмсэн эсэх, банкин дахь хүүхдийн хадгаламжийн хуримтлалаас татвар авахгүй байх, эсвэл шатлал тогтоох арга хэмжээ авсныг илүүтэй тодруулсан.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хариултдаа, “Хувь хүний орлогын албан татварын шинэчилсэн найруулгын төсөлд хүүхдийн хадгаламжийн татварыг тэглэх боломжгүй” гэдгийг онцлоод “Цаашид иргэдийнхээ орлогын мэдээллийн системийн бүртгэлтэй болж, улмаар хүн бүрт дугаар олгох бодлогыг барина. Ингэснээр иргэдийн орлогын түвшинг харгалзан тодорхойлж, бага орлоготой иргэдийн төлсөн татварыг буцаан олгодог олон улсын жишгийг нэвтрүүлнэ” гэж байлаа. Хувь хүний орлогын албан татварын шинэчилсэн найруулгын төслөөр одоо мөрдөгдөж байгаа татварын хувь хэмжээг нэмэгдүүлсэн зүйл, заалт байхгүй гэдгийг Ажлын хэсгийнхэн онцолж байсан.

Ингээд Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох Байнгын хороонд шилжүүллээ.

+ There are no comments

Add yours