Алт олборлогчдын чуулган үргэлжилж байна

Мөрч

Монгол Улс хөдөө аж ахуй, үйлдвэрлэлийн салбар гэж ярьдаг ч сүүлийн 20 гаруй жил улсын эдийн засгийн өсөлт бууралтын гол хүчин зүйл нь уул уурхайн салбар байсан. Харин Монгол Улсын алтны салбар 100 гаруй жилийн өмнөөс эхлэлтэй бөгөөд анх Монгол Улсын нутаг дэвсгэрт хятад худалдаачид алт олборлож байсан тухай хууч яриа, үүх түүх, баримт бичиг байдаг. Харин үүний дараа БНМАУ-ын үед ЗХУ-ын эрдэмтэн судлаачид хайгуул хийж, тодорхой орд газруудад алт олборлож байсан түүхтэй. 1990 он хүртэл Зөвлөлт Холбоот Улсын тусламжтайгаар алтны хайгуул, олборлолт явагдаж нэг үгээр хэлбэл нөөц ихтэй алтны шороон ордын өрмийг нь “хамчихсан”,  харин үүний дараа алт хөтөлбөрийн шугамаар олборлолт хийгдэж, зарим газар нутагт нинжа нарын дураараа дургих байдал газар авч энэ салбар бүхэлдээ уналтад орсон байдаг. Үүнээс хойш алтны салбарыг тойрсон, бас дайрсан олон асуудал үүсч, мөн тодорхой шийдвэр, дэмжлэг ч гарсаар өнөөдрийг хүрсэн байдаг…

2000 оны дунд үед энэ салбарт мөн л аюулын харанга дэлдсэн нь 68 хувийн татвар гэгч байжээ. 2006 онд 68 хувийн татварыг уул уурхайн салбараас авч эхэлсэн нь буруу бодлого байсан гэдэг нь өнөөдөр эргэн харахад тоон статистик мэдээллээс харагддаг билээ. Тухайн үед алт олборлогч нар килограммаар хэмжигдэх алт олборлож, ар өврийн хаалгаар дамжуулан хил давуулан зарах хандлага энэ үед газар авч байсан гэнэ.  Мөн  Эрдэнэт үйлдвэрээс авах ашгаа нэмэгдүүлэх гэсэн улс төрчдийн буруу үйлдэл эргээд уул уурхайн салбарт томоохон цохилт болон очиж байсан нь 68 хувийн татварын систем байсан аж.

1990 оноос 2016 он хүртэл Монгол банкинд тушаасан алтны хэмжээг доорх зурагт үзүүлэв.  Эндээс харахад,  68 хувийн татвар гараагүй 2005 онд алт тушаалт 15 тонн болж байжээ.  Харин 2006 онд 68 хувийн татвар мөрдөгдөж эхэлсэн жилд 9 тонн болж буурчээ. Энэ бууралт жил бүр үргэлжилсээр 2010 онд дөнгөж 2 тонн алтыг Монгол банкинд тушааж байсан аж. 

2006-2015 онд алт тушаасан аж ахуйн нэгж, иргэдийн давхардсан тоог доорхи хүснэгтэд харуулж байна. 2010 оноос хойш алтны салбарт бага зэрэг сэргэлт бий болж эхэлсэн бөгөөд энэ нь 68 хувийн татварын системийг хүчингүй болгож, хуулийг дахин шинэчлэх алхам хэрэгжиж эхэлсэнтэй холбоотой. Үүний зэрэгцээ алтны зарим хөрөнгө оруулагч нар гарч, шинэ хөрөнгө оруулагч нар тус салбарт ажиллаж эхэлсэн байдаг. Тэр дундаа дотоодын аж ахуйн нэгжүүд уг салбарт хөрөнгө оруулж, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх чиглэлд анхаарч эхэлсэн байдаг.

2014 онд “Ашигт малтмалын тухай” хуульд өөрчлөлт оруулж алт олборлогч нар Монгол банкинд алтаа тушаасан нөхцөлд Ашигт малтмалын нөөц ашигласаны төлбөрийн хэмжээг 2,5 хувиар нэмэлт төлбөрийн хэмжээг 0 хувьтай байхаар зааж өгсөн юм. Энэхүү хуулийн зөв зохицуулалтын ачаар 2013 онд 6 тонн байсан алтны хэмжээ 2014 онд 13 тонн болж нэмэгдсэн билээ. 2015 онд 15 тонн, 2016 онд 13 тонн, 2018 онд 28 тонн болон өссөн байна.

Ийнхүү алтны салбарын өсөлт нь эргээд эдийн засагт маш том дэмжлэг болж эхэлсэн талаар алт олборлогч нар ярьж байна. Эдүгээ гурав дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа “Mongolia gold -2019 алтны салбарын хөрөнгө оруулалтын чуулга уулзалтыг нээж Алт үйлдвэрлэгчдийн холбооны тэргүүн Д.Ганболд хэлсэн үгэндээ,  “Алтны салбар нь Монгол Улсын эдийн засагт томоохон хувь нэмэр шууд оруулж, валютын нөөцийг нэмэгдүүлэхэд шууд үүрэг гүйцэтгэдэг билээ. 2018 онд 900 сая ам.долларын бүтээгдэхүүнийг алт олборлогч нар тушааж, Монгол банкны валютын нөөцийг нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулсан байна”  хэмээн онцолж байв. Харин татварын таатай нөхцөл, төр засгийн бодлогын дэмжлэгээр өсч эхэлсэн алтны салбар дахиад л хүлээлтийн байдалд шилжсэн тухай хөрөнгө оруулалтын чуулганы үед оролцогч нар онцолж байлаа. Тухайлбал, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудал яг энэ өдрүүдэд УИХ дээр яригдаж байна. Энэ долоо хоногт эхэлсэн УИХ-ын ээлжит бус чуулганаар яригдаж байгаа уг асуудлын улмаас Монгол банкинд тушаах алтны хэмжээ буурч эхэлсэнийг  2019 оны нэг, хоёрдугаар сард тушаасан алтны хэмжээ өмнөх оны мөн үетэй харьцуулахад 8 орчим хувиар буурсан. Энэ нь алт олборлогч нарын хувьд хуулийн өөрчлөлтийг харах, татвар нэмэгдсэн нөхцөлд 10 жилийн өмнөх хууль бусаар хил давуулдаг системдээ орох гэсэн далд санааг өвөртөлсөн байхыг үгүйсгэх аргагүй. Ийм нөхцөлийг бий болгох хуулийн зохицуулалт нь эргээд эдийн засагт сөрөг нөлөөтэй гэдгийг өнгөрсөн удаагийн 68 хувь татварын систем бидэнд бэлхэн харуулаад өгчихсөн хэмээн чуулганд оролцогчид өгүүлж байлаа.

Дашрамд дурдахад, Монгол Улсын алтны шороон ордын нөөц 2500 тонн. Гэхдээ 100 гаруй жилийн өмнөөс алт олборлож эхэлсэн учир нь “өрөм нь хамагдаж, сүү нь дундарч, хусам нь үлдсэн” гэнэ. Учир нь өнөөдөр ихэнх алтны уурхайнууд 80 метрээс гүнд олборлолт явуулж байгаа нь эргээд хөрөнгө оруулалт их шаардаж, тэр хэрээрээ зардал их, ашиг бага болсон. Иймд тус салбарт технологийн дэвшил, олборлолтын шинэ шийдэл зэргийг нэвтрүүлэх шаардлага тулгарч байгаа тухай “Mongolia gold-2019” хөрөнгө оруулалтын чуулганд оролцогч нар онцолж байлаа.

Х.Халиунаа

 

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээлэл

Иргэний Өнцөг